Б.Дамдин-Очир
Ердөө хагас жилийн өмнө “...Нүүрсний хулгай” гээд улсаараа шуугиж байв. Одоо энэ хулгайн талаарх яриа, мэдээлэл, үйл явдлууд “уугих” төдий болжээ. Удаандаа унтарч ч мэдэх нь, энэ байдлаараа.
Үнэндээ, Төмөр замын С.Батдөлийнхөөс өөр шүүх рүү явсан нүүрсний гэх хэрэг алга. Тэгээд ч “...С.Батдөлийн цаадах хүн сугарааад үлдчихлээ” гэсэн шүүмжлэл нийгэмд байна. Ажлаа бүтээхээр авлига өгсөн арваад компанийн хүн л түүнтэй хамт шүүгдэх бололтой. Бас “...Хэдэн мянган хоосон машин хилээр гарсан байна. Гаалийнхан өөрсдөө илрүүлсэн” гээд шуугисан. Тэгсэн чинь гаалийн өмнөх удирдлагууд тодорхой бус шалтгаанаар цахим системийн шилжилтийн үед давхар бичигдсэн машины тоог хамж гаргасан “дүгнэлт” болж таарч буй бололтой. Ядахад түүнийгээ УИХ-аар хүртэл хэлэлцүүлж дуулиан шуугиан тарьсан. Хууль хяналтынхан шалгаад үзтэл нэг иймэрхүү “үнэн” гарч ирж буй аж.
Ер нь хагас жилийн өмнө нийгмийг шуугиулаад байсан нүүрсний 17 хулгайч, УИХ-ын нэр бүхий гишүүд хаачсан юм, бүү мэд. Бас нууцаас гаргаж сүйд болоод байсан оффтейк гэрээнүүд ч юу болж дууссан нь тодорхойгүй боллоо. Энэ мэтээс болоод сүүлийн үед “...Нүүрсний хулгай байсан юм уу. Огт байгаагүй юм биш үү” гэж хүртэл яригдаж байна.
Гэтэл нүүрсний борлуулалт, гэрээ тендер дээр төрийн цензур тавиад хагас жил болтол их наяд гаруй төгрөгийн “сул орлого” нүүрснээс ороод иржээ. Одоо түүгээр төсвөө тодотгох гэж байна. Цалин пүнлүүг нэмж, хүүхдийн мөнгийг олгоно. Ийм бодит үр дүн гараад ирлээ. Тэгэхээр нүүрсний хулгай байхын дээдээр байсан болох нь тодорхой болж байгаа юм. Хагас жилд их наяд төгрөг хуулиас гадуур нөхдүүдийн халаас руу ордог байсанл гэсэн үг.
Нүүрсний хулгай бодитой байсан гэх өөр том нотолгоо нь “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалтай холбогдоно. Уг нь энэ залуу 10 гаруй жил гацаад байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 234 км төмөр замыг барьж дуусгасан. Энэ бол том үйл явдал. Тэр утгаараа ч Н.Удаанжаргалд Хөдөлмөрийн баатар цол олгосон нь тодорхой юм.
Харин тэрбээр төмөр замаа дуусгаж, ашиглалтад өгснөөсөө ердөө сарын дараа Солонгос руу нисээд, тэндээсээ цаашаа явчихсан. Өнөөг хүртэл эргэж ирээгүй байна. Тиймээс түүнийг “шувуу” хэмээн зарлаж эрж хайгаад эхэлсэн. Сар гаруйн өмнө Аргентинд байгааг нь тогтоосон. Гэтэл Н.Удаанжаргал тэндээсээ Тайланд руу нисэж, Тайландаасаа машинд суугаад Малайз руу орчихсон. Одоог хүртэл тэндээ байгаа аж. Ер нь бол “Шувуу” ажиллагааныхан Н.Удаанжаргалын хаана байгааг тогтоочихдог. Тэгсэн атлаа яагаад Монголд авчирч чадахгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. “Шувуу” ажиллагааг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр “...Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Түүний үгээс Н.Удаанжаргалыг “урьсан” байдал анзаарагдав. Үнэхээр ч Н.Удаанжаргалыг нүүрсний хулгайтай шууд холбоогүй гэдэг. Харин төмөр зам барьсан зардал мөнгөтэй нь холбоотой асуудал яригддаг. Тодорхой хэлбэл, ил болсон оффтейк гэрээний гол гэрч л юм. Тэгэхээр Х.Нямбаатарын хэлдэгчлэн Н.Удаанжаргал эртхэн ирвэл өөрт нь л хэрэгтэй. Хамгийн гол нь хууль түүнийг хүлээсээр л байх болно. Сая харсан даа, Т.Бадамжунай гэдэг хүн дөрвөн жил гаруй харьд амьдарсан ч баригдаж ирээд л хоригдож байна. Уг нь тэрбээр гадаадад тэгж удаагүй бол өдийд төрийн тамга түшээд ч сууж байх боломжтой л хүн байгаа юм.
Нөгөөтэйгүүр Н.Удаанжаргалыг ингэж удаагаад байгаа ямар нэг “хүчин” байсаар л байна. Түүнийг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” хүсэл зорилго ч ард нь нуугдаж байж болох юм. Тэр хүн, эсвэл тэд хэн бэ. Уг нь энэ бүхэн цаг хугацааны л асуудал шүү дээ. Тун удахгүй нуугаад байсан оффтейк гэрээ шиг зад үсрээд л гараад ирнэ. Тэр цагт Н.Удаанжаргалыг ингэж “удаагаад” байгаа нөхдүүд эс үйлдлээрээ нүүрсний хулгайч л болно. Өнөөдөр бас Г.Ганболд гэдэг гишүүн нүүрсний нээлттэй сонсголыг нам дараад л байна. Энэ ч адилхан. Тиймээс нэг л зүйл ойлгомоор байгаа юм. Одоо Монголд цаг өөр болсон. Нууж, дарж байгаад хэдүүлхнээ хувааж идээд байж болохгүй. Баригддаг болсон. Тэр тусмаа, хамгийн ойлгомжтой, бараг ил болчихсон нүүрсний хулгайг дараад дараад нэмэргүй. Мөдхөн улам хүчтэй дэлбэ үсэрнэ. Гурван сая таван зуун мянган монгол хүн “...Нүүрсний хулгайг яаж шийдэх нь вэ” гээд хараад л сууж байгаа шүү дээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 113 (7098)