Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2023.06.06/ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзалт хийсэн. Энэ үеэр харилцаа холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангах боломжтой талаар ярилцсан байгаа.
"Старлинк" компани нь өнөөдөр АНУ, Англи, Франц, Герман, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.
Манайх шиг өргөн уудам газар нутагтаа улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.
Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын гуравны нэгийг шилэн кабель болон интернэтийн сүлжээгээр холбосон. Өнгөрсөн хугацаанд 1226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэхэд бэрхшээл дагуулсаар байгаа. Тийм учраас өргөн уудам нутагт байгаа иргэд, малчдад интернэт үйлчилгээ хүргэхэд бэрхшээл учирч байна. Үүний тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Шинэ бүтцийг бий болгоход "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлага байгаа. Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр энэ асуудлыг харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Зарим улс орнууд “SpaceX”, “Старлинг” компани орж ирэхэд татварын бодлогоор дэмжлэг үзүүлдэг. Бид өнгөрсөн хугацаанд "Старлинк” компанитай хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийсэн байгаа. Анх 2022 оны тавдугаар сарын 6-нд тус компани Харилцаа холбооны зохицуулах хороонд Монголд компаниа байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг.
Миний хувьд сайдаар томилогдсоны дараа нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэхэд хэрэглэх талаар баримтлах чиглэлтэй сайдын тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаалд "Старлинк" компани орж ирэхэд заавал газрын станц байгуулах шаардлагатай гэсэн шаардлага тавьсан байсан. Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад газрын станц байгуулах шаардлагагүй.
Яагаад гэвэл иргэд өөрсдөө өнөөдөр тавган антень аваад шууд хиймэл дагуулаас интернэт аваад тухайн байгууллагадаа төлбөр төлөөд явж байхад бид энд заавал газрын станц байгуул гэдэг шаардлага тавих нь зохимжтой биш. Энэ утгаараа баримтлах чиглэлийг цуцалснаар Харилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг олгох боломжийг нээж өгсөн. Хууль эрх зүйн хувьд дэмжлэг үзүүлье гэсэн. Татварын бодлогоор дэмжих болон хувийн хэвшлийнхээ өрсөлдөх боломжийг хязгаарлахгүйгээр, ажиллая гэсэн.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулаад “Старлинк Монголиа” компани байгуулж, хоёр биш нэг тусгай зөвшөөрөл авах боломжтой болгон шийдвэрлэхээр эрхлэх асуудал хариуцсан сайдад даалгасан. Ирэх долдугаар сард "Старлинк" компанийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрнэ” гэлээ.