АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өрийн дээд хязгаарын тухай хуулийн төслийг баталжээ

оруулсан Алсын Хараа

/CNBC/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим зургаадугаар сарын 5-ны өдрөөс өмнө дефолт зарлахаас зайлсхийх хуулийн төслийг лхагва гарагт баталлаа.

Бүгд найрамдах намынхан олонх болж буй Төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслийг 314-117 саналын харьцаатайгаар баталж, Сенатын танхимд илгээжээ.

Эцсийн санал хураалтад Ардчилсан намын 165, Бүгд найрамдах намын 149 гишүүн Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти, Ерөнхийлөгч Жо Байден нарын хэлэлцэн тохиролцсон хуулийн төслийг дэмжсэн байна.

Засгийн газрын 31.4 их наяд ам.долларын өрийн таазыг 2025 оны нэгдүгээр сар хүртэл өсгөх хуулийн төсөлд Ж.Байден гарын үсэг зурахаас өмнө Сенатын танхим батлах ёстой юм. Өрийн хязгаар нэгдүгээр сард таазандаа тулаад байсан боловч Сангийн яам АНУ холбогдох төлбөрүүдээ үргэлжлүүлэн төлөх арга хэмжээг авч байв.

Ж.Байден санал хураалтын дараа хийсэн мэдэгдэлдээ, “Өнөө орой Төлөөлөгчдийн танхим дефолт зарлахаас зайлсхийж, улсын эдийн засгийн сэргэлтийг хамгаалахын тулд чухал алхам хийлээ. Энэхүү төсвийн хэлэлцээр бол хоёр намын тохиролцоо бөгөөд талуудын аль нь ч хүсэж байсан бүхнээ авч чадаагүй” хэмээн тэмдэглэжээ.

АНУ-ын төрийн тэргүүн мөн К.Маккарти болон түүний багийнханд “шударгаар” хэлэлцээ хийсэнд талархал илэрхийлжээ. Түүнчлэн Сенатын танхимд хандан хуулийн төслийг аль болох хурдан батлахыг уриалсан байна.

Сэтгэгдэл бичих