Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлав

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэг, 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураасан бол хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 2 санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байна.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл дэх “мажоритар” гэдгийг олныг төлөөлөх гэж, “пропорционал” гэдгийг хувь тэнцүүлэн хуваарилах гэж нэг мөр ойлгож, хэрэглэх талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болохыг санал, дүгнэлтэд дурдав.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг саналын томьёоллын хамт бэлтгэсэн байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталсанд Улсын Их Хурлын нийт гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй энэ өөрчлөлтөөр Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны суурь реформ эхэлж байгаа гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн  Улсын Их Хурлын нэг  гишүүнд ногддог эрх мэдлийн төвлөрөл үгүй болж, парламентын шийдвэр чанартай, бодитой болох нөхцөл бүрдсэн хэмээлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах нь Улсын Их Хурлын нийт гишүүдээс эр зориг шаардсан, нөгөөтээгүүр ирээдүй, алсаа харсан шийдвэр байсныг цохов. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар жендерийн том дэвшил гарч, жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу шилжиж,  нийгмийн бүлгүүд рүү хандсан чухал өөрчлөлтүүд гарна хэмээн Ерөнхий сайд хэлсэн юм. Мөн гадаадад байгаа монголчуудын төлөөлөл парламентын сонгуульд оролцох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдох эрхээ эдлэх, улс төрийн намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг болох, улс төрийн намуудад бодитой, шударга өрсөлдөөний үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв.

Дараа нь хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 98.5 хувь нь дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм.

Уг хууль нь 5 зүйлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй байх аж. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөхөөр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэвээр хадгалах талаар тус хуульд тус тус заажээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөхөөр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны дотор, холбогдох бусад хууль тогтоомжийн өөрчлөлтийг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхээр тусгажээ.

Сэтгэгдэл бичих