Нацү башё дууссаны дараа Японы сүмо бөхийн холбооны ээлжит бус хурал яаралтай хуралдаж, саньякү цолтой гурван тэмцээнд дараалан 34 даваа авсан "Мичиноку" дэвжээний монгол сүмоч Кирибаяма Б.Лхагвасүрэнд озэки цол олгохыг санал нэгтэйгээр дэмжжээ. Ингэснээр Кирибаяма мэргэжлийн сүмогийн түүхэн дэх 256 дахь озэки болох нь.
Өчигдрийн ээлжит бус хурлаар озэки цолтой болох нь шийдэгдсэн ч тавдугаар сарын 31-ний лхагва гаригт банцүкэ тогтоох хурлаар түүнийг албан ёсоор зарлах юм.
Кирибаяма Б.Лхагвасүрэн 2015 онд мэргэжлийн сүмод анх барилдаж 4 жилийн дараа сэкитори цолтой болсон. 2020 онд макүүчи зиндаанд дэвшиж жилийн дараа саньякү цолонд хүрсэн байна.
Түүний сүүлийн 3 барилдааны дүн:
2023 оны I сар: Kомүсүби цолтой 11-4 (дэд аварга, техниктэй бөхийн шагнал)
2023 оны III сар: Сэкивакэ цолтой 12-3 (түрүү болон техниктэй бөхийн шагнал)
2023 оны V сар: Сэкивакэ цолтой 11-4 (Техниктэй бөхийн шагнал)
Холбооны Шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Садогатакэ ояката “34 даваа гэдэг бол өөлөхийн аргагүй үзүүлэлт. Тэмцээний эхний өдрүүдэд биеэ бариад байсан ч даваа болгоны дараа барилдааны агуулга, чанар сайжирсан. Хөл сайтай, эцсээ хүртэл дохёноос гарахгүй гэж тэмцдэг, тэвчээртэй, ер нь өөрийн барилдаанаа олчихсон бөх. Харин озэки болчихоод тачиай дээр зайлдаг зуршлаа арилгаж, эгц шулуун дайрах нь чухал” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Юутай ч, лхагва гарагт Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголоос төрсөн 6 дахь озэки болж түүхэнд үлдэх нь. Нэгэнт озэки цолонд хүрсэн болохоор цааш ахиулах гэж зүтгэх нь тодорхой. Тэгээд ч түүний өмнөх озэки болох Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү А.Ананд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар бүгд ёкозүна болж байсан билээ.