Дөрвөн тусгай сангийн мэдээллийг ил болголоо

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд, хуулиар нээлттэй болгох боломжтой 4 тусгай сан болон дүүргүүдийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг shilen.gov.mn сайтад холбон, танилцуулж байна.

Тодруулбал, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сангийн мэдээлэл багтжээ. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сангийн зарим мэдээлэл дутуу байгаа учир лхагва гарагт ил болгох юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэхдээ, “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын зургадугаар сарын 1 хүртэл өгсөн албан даалгавар биелүүлэх ажил үргэлжилж байна. ЦХХХЯ-нд харьяалагддаг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдээс авсан татварын цэвэр ашгийн 3 хувьтай тэнцэх хөрөнгөөр санхүүждэг, санг удирддаг бүтэц бүрэлдэхүүнгүй, улсын төсвөөс санхүүждэггүй. 2009-2022 онд 484 хуулийн этгээдээс 47,4 тэрбум, үүнээс мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ явуулдаг 225 хуулийн этгээдээс 41,5 тэрбум, радио давтамжийн зурвас эзэмшигч 23 хуулийн этгээдээс 5,3 тэрбум, шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 76 хуулийн этгээдээс 446 сая, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 хуулийн этгээдээс 92 сая, бусад төрлийн 74 үйлчилгээ эрхлэгчээс 72,2 сая төгрөг бүрдүүлсэн. Үүгээр 2009-2022 онд алслагдсан сум, багуудад харилцаа холбооны сүлжээг оруулж, дэд бүтцийг сайжруулсан. Оператор компаниуд багуудад шилэн кабель тавихад өөрсдийн зардлаар санхүүжүүлэх боломжгүй учир энэ сангаас санхүүждэг. Өнгөрсөн хугацаанд 1639 багаас 1226-д харилцаа холбооны 3G, 4G сүлжээ хүргэсэн. Аймгаар нь байршил гаргаж, дэд бүтцийн мэдээллийг ил болгож, сангийн үйл ажиллагааг хянах хүрээнд нээлттэй болгож байгаа. Одоогоор улсын хэмжээнд шилэн кабел ороогүй 4 сум үлдээд байгаа. Цаашид харилцаа холбооны шинэ дэд бүтэц бий болгохыг зорьж байна” гэв.

Эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд 2018 оноос өмнөх мэдээлэл НДС-ийн бүрэлдэхүүн хэсэгт байгаа. 2018-2022 оны хоорондох орлого, зарлагыг мэдээллийг ил тод болгожээ. Тухайлбал, өнгөрсөн оны жилийн эцэст 3092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд санхүүжилт олгосон бөгөөд ямар байгууллага, хэдэн онд, хэдий хэмжээний санхүүжилт авсан мэдээллийг ил болгожээ.

Ирээдүйн өв сангийн хувьд 2017 оноос хуульд заасан нэр төрлийн орлого төвлөрүүлж эхэлсэн. Сангийн орлого 2022 оны жилийн эцэст хуримтлал нь 22.6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Хүүхдийн мөнгөнд өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөг зарцуулжээ.

Түүнчлэн, Сангийн яаманд харьяалагддаг Төсвийн тогтворжуулалтын сан 2022 оны жилийн эцсийн байдлаар хуримтлал 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байв. Төсвийн алдагдлыг нөхөх замаар улсын төсвийг тогтворжуулж, бусад орны адилаар төрийн үйл ажиллагаа явуулж байгааг Н.Учрал дурдлаа.

Улсын хэмжээнд 25 тусгай сан байдаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт 14 сангийн мэдээллийг ил болгосон билээ.

Сэтгэгдэл бичих