Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 32 дахь удаагийн уулзалт Узбекистан улсын Самарканд хотноо 5 дугаар сарын 16-18-нд “Invest in Resilience” сэдвийн дор болсон юм. Уг уулзалтад Монгол Улсаас Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй төлөөлөл оролцоод иржээ. Тодруулбал, Монголбанк, ХААН, Голомт банк, “Мобиком" корпорац, “Мандал” санхүүгийн нэгдэл, “Дижитал концепт” зэрэг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл оролцов.
Энэ жилийн уулзалтыг "Хямралын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь" сэдвээр зохион байгуулжээ. Тодруулбал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, мөн эрчим хүчний найдвартай байдал, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, хурдацтай хөгжиж буй зах зээлүүдийн дижитал шилжилтийг дэмжсэн санхүүжилт гэх зэрэг сэдвээр өргөн цар хүрээнд боллоо.
Чуулганы үеэр “The next frontier: investing in Mongolia's promising future” сэдэвт Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сурталчилсан салбар хурал болж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мөн уул уурхай, ХАА, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчдыг урьж, нягт хамтран ажиллах боломжтой талаар танилцуулжээ. Мөн Eвропын сэргээн босголт, хөгжлийн банктай:
- ХААН банк хамтран "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 20 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээ,
- Хас банк "Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх" бүсийн хөтөлбөрийн хүрээнд 25 сая ам.долларын санхүүжилтийн багц гэрээ,
- “Дижитал концепт” ХХК жижиглэн худалдааны бизнесийг дэмжих, GS25 сүлжээ дэлгүүрүүдийг өргөжүүлэх санхүүжилтийн 18 сая ам.долларын гэрээг тус тус байгуулав.