Өчигдөр Соёлын Сайд Ч.Номин соёл, урлагийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт уулзлаа. Шаардлага нь мэдээж цалингаа нэмүүлэх.Ганцхан соёл, урлагийн салбарынхны цалин бага, цалин нь амьдралд хүрэхгүй байгаа юм биш л дээ. Монголын төр, засгийн, тэр дундаа АН, МАН-ын сүүлийн 12 жилийн бодлогын үр дүнд Монгол төгрөгийн ханш хоёроос гурав дахин унаж, сүүлийн нэг жилд инфляци асар хурдацтай нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний үнэ маш их өссөн тул Монголчуудын дийлэнхийнх нь л цалин амьдрал, ахуйд хүрэхээ больсон.
Эмоци өндөртэй урлаг, соёлынхон л эхлээд тэсэрч, тэмцэж гарч ирж буй нь энэ байх. Цалингаа нэмүүлэхээс илүү зөв, зүйтэй шаардлага гэж үгүй, тэдний зөв. Гэхдээ уг уулзалтыг харжээ суухад бодох юм их байна аа.
Соёлын салбарынхан зарим төлөөлөл ямар ч бүдүүлэг юм бэ дээ? Сайдыгаа "чи" гэж ирээд л дайрч давшлах юм. Сайд нь соёлын ажилтны цалинг нь 1 сая хүргэнэ гэсэн чинь тэд "Үгүй, чи заавал 3 сая хүргэх хэрэгтэй.Тэгж байж л би аз жаргалтайгаар ажлаа хийнэ" гэх юм. Мөн дуучин, СТА П.Баярмагнайгийн Соёлын Сайд Ч.Номинд хандаж хэлсэн үг нийгмийн сүлжээгээр түгэж, олонд хүрлээ. Тодруулбал тэрээр: "Сайдаа, бид бүхэн төрийн наадмын нээлт, хаалтанд оролцохгүй гээд жагсаж байгаа гэдгийг та ер нь ойлгож байгаа юу. Та сая жилийн дотор цалинг маань үе шаттайгаар нэмнэ гэлээ. Энэ бол хөөрхөн хуурч байгаа юм шиг санагдаж байна. Бид нар наадам хүртэл яг ингэж жагсаж чадна. Наадам хүртэл бид нарын цалинг хамгийн багадаа сая таван зуу болгохгүй юм бол ямар ч наадам болохгүй ээ. Нээлт, хаалтгүй наадам та нар хийгээрэй. Ч.Номин сайд та өөрөө бүжгээ эртнээсээ сурч эхлээрэй." гэсэн юм.
Төсвийн албан хаагчдын цалин бүгд л ойролцоо, бүгд л амьдралд хүрэхгүй байгаа. Бүгдийнх нь цалинг нэмэх ч шаардлага байгаа. Гэхдээ л Л.Энх-Амгалаан чи улсын шалгалтандаа бэлдээрэй, С.Чинзоригоо чи хагалгаагаа хийгээрэй, Х.Нямбаатараа чи хэрэг мөрдөөрэй гэсэн яриа одоог хүртэл гараагүй л байгаа.
Гэтэл мөнөөх бусдыг соён гэгээрүүлэх учиртай гэх урлагийнхан маань ийм яриа гаргадаг байна шүү. Тэрэндээ тулвал Монгол авьяастнаар дутаагүй. Төсөвт байгууллагад ажилладаггүй ч авьяастай, сэтгэлтэй хүн хаана л бол хаанаас олдоно. Ёстой л П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадмын хаалт, нээлт болдгоороо л болчих байлгүй дээ.
С.Сарнай