Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.
Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.
Тавих шаардлага:
- Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна;
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.
Тэтгэлэгт багтах зардал:
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт Сургалтын төлбөр, Дотуур байрны төлбөр, Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/, Эрүүл мэндийн даатгалын зардал багтана.
Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.
Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:
Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боловсролын танхимаас зөвшөөрсөн их дээд сургуулиудын дотроос 2 сургууль 2 мэргэжлийг сонгох бөгөөд сургууль өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулах юм.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Цахим өргөдөл /https://scholarship.esis.edu.mn/grant/login.html/
- “БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл”-ийг 2 хувь бөглөх шаардлагатай ба хятад эсхүл англи хэлээр байна.
Гадаад паспортын хуулбар;
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж хятад хэлээрх орчуулгын хамт байх/;
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар оруулах
- Суралцах зорилго, суралцах төлөвлөгөө, өөрийн танилцуулгыг багтаасан эссэ / хятад эсхүл англи хэлээр байх/;
- Урлагийн чиглэлээр суралцах иргэд бүтээлийн диск, уран зургийн чиглэлээр суралцах иргэд 2 хувь таталбар зураг, 2 хувь өнгөт зураг, 2 хувь бусад зураг оруулах
- Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Хятад Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагын нэгдсэн хэвлэл бүхий хуудсыг англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай.
Өргөдөл гаргагчид “Гадаадаас тус улсад суух хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-т заасан заалтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia сайтнаас авах боломжтой/.
Бүртгэлийг 2023 оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 19-нийг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ.