Туркийн ерөнхийлөгч хоёр дахь шатны сонгуулиар тодорно

оруулсан Алсын Хараа

Шийдвэрлэх сонгуулийг 28-нд товлолоо

Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өнгөрсөн ням гарагт улс орон даяар эхэлсэн. Сонгуулийн саналын хуудас тоолох үйл явц өндөрлөж, дүн нэгтгэх ажил үргэлжилсээр байна.

Хэдийгээр сонгуулийн дүнг хараахан албан ёсоор зарлаагүй ч тус улсын хэвлэл мэдээллүүдээр мэдээлж байгаагаас үзэхэд, одоогийн ерөнхийлөгч 69 настай Р.Эрдагон сонгогчдын 49.4 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч 74 настай Кылычдароглу 45.06 хувийн, харин АТА эвслийн нэр дэвшигч Синан Оган таван хувийн санал тус тус авчээ.

Туркийн Сонгуулийн төв хорооны мэдээлснээр 53.9 сая саналын хуудас тоологдсоны 1.2 сая гаруй нь хүчингүйд тооцогджээ. Сонгуулийн ирц 88.8 хувьтай байсан нь таамаглаж байснаас харьцангуй өндөр оролцоотой сонгууль боллоо гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна. Хэдийгээр дотоодод болсон сонгуулийн саналын хуудсыг нэгтгэж гаргасан ч гадаад орнуудад байрлуулсан 1900 гаруй саналын хайрцагийг задалж, дүнг нэгтгэх учир сонгуулийн дүн хойшлоод буй юм.

Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Р.Эрдагон Хөгжил дэвшлийн намаас нэр дэвшсэн бол түүний гол өрсөлдөгч К.Кылычдароглу Бүгд найрамдах намаас, мөн АТА эвслээс С.Оган нар дэвшиж өрсөлдөөд буй.

Туркийн Сонгуулийн хуулийн дагуу аль нэг нэр дэвшигч сонгогчдын 50 хувиас дээш санал авсан тохиолдолд ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой юм.

Харин энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн Р.Эрдагон, К.Кылыкдароглу, О.Синан нарын хэн нь ч урьдчилсан байдлаар дээрх босгод хүрээгүй тул дараагийн шатны сонгууль явагдах нь тодорхой болж байна. Сонгуулийн хоёр дахь шат буюу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд өрнөх сонгуулийн санал хураалтын тов яригдаж эхэлжээ. Энэ талаар БНТУ-аас манай улсад суугаа ЭСЯ-тай холбогдож лавлахад “Сонгуулийн дүн хараахан гараагүй. Дараагийн шатны сонгууль болж магадгүй нөхцөл байдал бий болсон. Сонгууль болвол энэ сарын 28-нд болохоор яригдаж байна” гэсэн мэдээллийг өглөө. Сонгуулийн дүнгийн талаар удахгүй ЭСЯ-аас албан ёсоор мэдээлэл өгнө гэдгээ мөн хэлсэн юм.

Сонгуулийн урьдчилсан дүн тодорхой болох үеэр нэр дэвшигчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Одоогийн Ерөнхийлөгч Р.Эрдагон дараагийн шатны сонгуульд бэлэн байгаагаа хэлбэл бол түүний гол өрсөлдөгч К.Кылычдароглу “Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, дараагийн шатны сонгуульд оролцоно” хэмээн мэдэгджээ.

 

Нэр дэвшигчийн хэн нь хэн бэ?

Турк Улсын одоогийн Ерөнхийлөгч Р.Эрдагоны хувьд энэ удаагийн сонгуульд ялалт байгуулвал хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлэх учиртай. Хэдийгээр ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа өрсөлдөж буй ч тэрбээр 2003-2014 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан, туршлага арвин улс төрч. 2003 онд одоогийн Хөгжил дэвшлийн намаа байгуулалцаж байсан тэрбээр 2014 онд БНТУ-ын 12 дахь ерөнхийлөгөөр сонгогджээ. Ийнхүү 20 гаруй жилийн улс төрийн туршлагатай ч сүүлийн үед олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэх болсон. Ялангуяа өнгөрсөн хоёрдугаар сард болсон байгалийн гамшигт газар хөдлөлтийн үеэр улс орноо сэргээн босгох ажилд хойрго хандсан, эдийн засгийг сэргээхийн төлөө хүчин чармайлт гаргахгүй байна зэргээр сөрөг хүчнийхэн шүүмжилж байсан юм. Тийм ч учраас энэ удаагийн сонгуулиар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнүүлж, ард түмнээрээ дүн тавиулах хариуцлагатай алхмын өмнө тэр ирээд байгаа нь энэ.

Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн К.Кылычдароглугийн хувьд Р.Эрдагоны хамгийн том өрсөлдөгч. Тиймээс ч тэрээр энэ удаагийн сонгуульд хэдхэн хувийн зөрүүтэй санал авсан нь хэр хатуу самар вэ гэдгийг нь харуулж буй хэрэг. Сөрөг хүчний удирдагчийн хувиар эрх баригчдыг шүүмжлэх замаар ард түмэнд таалагдах, улс орноо өөрийн мөрийн хөтөлбөрийн дагуу удирдах түүхэн сонгуульд оролцож байгаа түүнд ард түмэн ялангуяа залуучууд багагүй итгэл хүлээлгэж байгаа гэнэ.

Ата эвслээс нэр дэвшсэн С.Оганы хувьд сонгуулийн санал хураалтад хэдийгээр таван хувийн санал авсан ч “онцгой үүрэгтэй нэр дэвшигч” хэмээн нэрлээд байна. Учир нь хоёр дахь шатны сонгуульд түүний дэмжигчид хэнийг нь дэмжихээс шалтгаалан Ерөнхийлөгч солигдох уу эсвэл одоогийн ерөнхийлөгч дараагийн бүрэн эрхийн хугацаагаа эхлэх үү гэсэн асуулт тодорхой болох юм.

Тэрээр сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл өгөхдөө Сонгуулийн төв хороо хараат бус ажиллаж байгаа гэдэгт эргэлзэж байгаа тухайгаа хэвлэлд ярьсныг “The Guardian” онцолжээ.

БНТУ-ын сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөхөөр зарласан байсан ч сонгууль болохоос гуравхан хоногийн өмнө “Memleket” намын дарга Мухаррем Инже нэрээ татсан юм. Түүний талаарх садар самуунд уриалсан ёс зүйгүй бичлэг задарсан хэмээн багагүй дуулиан болж байв. Хэдийгээр нэр дэвшигч дээрх бичлэгийг эвлүүлэг хэмээн эрс эсэргүүцсэн ч сонгууль болохоос гурав хоногийн өмнө өөрийн хүсэлтээр нэрээ татсан билээ.

Туркийн хувьд сонгуулийн бохир технологи нэлээд хүчээ авсан. Ялангуяа сонгуулийн хугацаа дөхөх тусам нэр дэвшигчдийг харлуулсан зураг, бичлэг, дуулиан шуугиан гардгаараа алдартай. Олон нийт ч сенсаацид багагүй автаж, энэ нь сонгуулийн дүнд нөлөөлдөг хэмээн ажиглагчид дүгнэдэг юм.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 97 (7082)

Сэтгэгдэл бичих