А0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Эрдэнэбүрэн сум хүртэл үргэлжлэх хатуу хучилттай авто зам барих ажлыг 5 сарын хугацаанд гүйцэтгэнэ.
Уг ажлыг гүйцэтгэхэд DYKВ ХХК-ийн төлөөлөл 50-60 ажилтан ажиллах бөгөөд ажлын явцад 30 гаруй тeхник хэрэгсэл ашиглахаар бэлтгэл хангажээ. Энэхүү авто замын бүтээн байгуулалтын ажил нь "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилт 10.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжинэ.
Өнөөдөр уг ажлыг эхлүүлж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Нээлтэд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй албаны төлөөлөл, Эрдэнэбүрэн сумын удирдах ажилтан, иргэд хөдөлмөрчид оролцлоо.
Ховд аймаг нь өнгөрсөн хугацаанд 1100 гаруй км үргэлжлэх авто замын бүтээн байгуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, тус аймаг хамгийн олон буюу 10 гаруй сумыг Ховд аймгийн төв, Улаанбаатар хот, Улсын хилтэй хатуу хучилттай авто замаар холбосон. Одоогоор тус аймагт хатуу хучилттай авто замаар холбогдоогүй цөөхөн сум байгаагийн нэг бол Эрдэнэбүрэн сум.
Тус сумын чиглэлд хатуу хучилттай авто зам барих асуудлыг мэргэжлийн байгууллагууд шийдвэрлэсэнд нутгийн иргэд талархалтай байна. Эрдэнэбүрэн сумыг авто замтай холбох нь сумын иргэдийн олон жилийн хүлээлтэд нийцсэн ажил бөгөөд зам ашиглалтад орсноор иргэдийн тээврийн хэрэгслээр ая тухтай зорчих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ байгаль орчны эрүүл, аюулгүй байдал бүрэн хангагдана гэж албаныхан үзэж байна.