СЗХ-ны ээлжит хуралдаанаар Хас банк болон Худалдаа хөгжлийн банк ХХК-иудын энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.
Дээрх хоёр банкны нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгэснээр системийн нөлөө бүхий бүх банк нийтэд санал болгон гаргаж буй хувьцаагаа СЗХ-нд бүртгүүлж дууслаа.
Тодруулбал, системийн нөлөө бүхий нийт 5 банк Банкны тухай хууль тогтоомжид заасан хугацаанд нээлттэй хувьцаат компани болох нөхцөл ийнхүү бүрдэж, банкны шинэчлэл амжилттай хэрэгжиж буйн нэг илрэл болж буйг СЗХ-ноос мэдээллээ.
Үүнийг дагаад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкуудын үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохоос гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдэж буйг онцолж байна.