Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэхийг оролдож эхэлжээ

оруулсан Алсын Хараа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд "2020 буюу Н.Номтойбаярыг хэн хэлмэгдүүлсэн бэ?" гэх нэвтрүүлэг бүхий л сайтуудаар төлбөртэй цацагдав. Агуулга нь Н.Номтойбаяр ямар ч гэмгүй байтал улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн ба гол нь эзэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга юм биш үү? гэсэн санаатай байх аж. Эх сурвалжуудын хэлж буйгаар Н.Номтойбаяр улс төрд эргэн ирж, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор шийдэн идэвхтэй хөөцөлдөж эхэлжээ.
"2020 буюу Н.Номтойбаярыг хэн хэлмэгдүүлсэн бэ?" гэх нэвтрүүлэг ч үүний нэг хэсэг гэнэ. Гэхдээ Н.Номтойбаяр НАМЗХ-ы эрх мэдлийн төлөө анх хэнтэй муудалцсан, эцэст нь хэний өрөөнд орж, "Чи салаа зам дээр байна" гэсэн анхааруулгыг үл тоон, хэгжүүрхэж ял авсаныг Монголчууд сайн мэднэ. Н.Номтойбаяр ой санамжаа алдчихаагүй бол сайн мэдэж байгаа.
Ер нь бол Н.Номтойбаяр эрх баригч МАН доторх У.Хүрэлсүх удирдагчтай 32-ын бүлэг, М.Энхболд удирдагчтай 33-ын бүлэг гэгчийн зөрчилд хэт сэтгэл хөдлөлдөө автан оролцож, У.Хүрэлсүхийг огцруулж, оронд нь өөрөө Ерөнхий Сайд болох мөрөөдөлдөө "шатан" үг, үйлдлээ цэгнэх хяналтаа алдан, өөрийгөө баллачихсан нь үнэн.
Уг нь М.Энхболдын талд гэж явсан УИХ-ын гишүүд аль хэдийн хүчний тэнцвэрийг ойлгон, зөрчил, сөргөлдөөнийг зогсоох тормозоо татан, намдаа, улс төрдөө үлдэцгээсэн юм. Харин Н.Номтойбаяр хувь хүнийхээ шартай, омголон зандаа хөтлөгдөн зөрүүдэлсээр МАН-аасаа хөөгдсөн билээ.
 Гэтэл дээрх төлбөрт нэвтрүүлэгт, Н.Номтойбаярыг хэлмэгдүүлсэн хүн нь дээр өгүүлсэн хоёр эрхэм биш харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэж өгүүлэх ажээ.
Юу болов? 
Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэхдээ МАН-даа дахин орчихвол тун зүгээр гэж бодож буй бөгөөд иймээс ч "Х.Баттулга гэх хадны мангаа л өөрийг нь хэлмэгдүүлсэн, энэ бүх шүүхийн завхралтай Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ид тэмцэж байна, иймээс ч Н.Номтойбаяр ба Л.Оюун-Эрдэнийн зам нийлж болно" гэх мессежийг өгөхийг хичээж буй бололтой.
Энэ оролдлого нь амжилт олж, Н.Номтойбаяр МАН-д эргэн ирэхийг хэлэхэд эрт. Гэвч тэрээр энэ оролдлого нь амжилт олох эсэхээс үл хамааран УИХ-ын 2024 оны сонгуульд заавал оролцоно гэж шийдсэн бололтой.
Э.Мягмар

Сэтгэгдэл бичих