Г.Занданшатар: Тооцоо судалгаатай, үндэслэлтэй, иргэдийн саналд нийцсэн шийдвэр гаргана

оруулсан Алсын Хараа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар энэ сарын 11-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өгч, саналыг нь авлаа.

Иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорциональ аргаар сонгох буюу сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд тусгасан. Энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, олон улсын жишээ, чиг хандлага зэргийг уулзалтын эхэнд товч танилцуулсан. Уулзалтад оролцсон иргэд дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Мөн улс орны өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дунд болон урт хугацааны суурь эрх зүйн шинэчлэлийг хийх зорилгоор Улсын Их Хурлаас зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд гурван бүлэг бүхий нийт 10 багц хуулийг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засгийн, нийгмийн бодлогын, засаглалын реформын шинжтэй тус бүр 3 багц хууль болон төвлөрлийг бууруулах, түгжрэлийг арилгах цогц арга хэмжээний төслүүд үүнд багтаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн хамгийн их анхаарал хандуулж буй авлига, шударга бус байдалтай тэмцэх асуудлын хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн талаар онцолсон. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдаад байгаа бол Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулийг хэлэлцэж эхлээд байгаа. Мөн Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталснаар энэ хаврын чуулган бүхэлдээ Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган болно гэдгийг тэрээр тодотгосон юм.

Иргэдээс үнийн өсөлт, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр УИХ-аас барьж буй бодлого, авч буй арга хэмжээний талаар тодруулж асуулт тавьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар болон уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд эдгээр асуудлаар тодорхой мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл бичих