Урин дулааны улирал ирж, барилга угсралтын ажил эхэлж буйтай холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтад зарим өөрчлөлт хийж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээллээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн "Зайсан тойруугийн хөдөлгөөн нэг чигтэй болоод таван сар болж байна. Хөдөлгөөний эрчмийн хувьд Энхтайваны гүүрээр урагш зорчих Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөн 40 орчим хувиар сайжирсан. Мөн уулын гэж нэрлэдэг Дүнжингаравын замаар зорчих хөдөлгөөний эрчим 37 хувиар сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөн тогтворжин жигдэрсэн үед оргил цагт нэвтрүүлж буй хөдөлгөөний эрчим өмнөх үетэй харьцуулахад 46 хувиар сайжирсан гэсэн үзүүлэлт бий. Тэгэхээр Зайсан тойруугийн зүүн тал буюу нэг чигийн зохион байгуулалт өдрийн цагаар үргэлжилнэ. Харин шөнийн цагаар тодорхой замыг хоёр урсгалтай болгоно. Тодруулбал, 23:00-06:00 цаг хүртэл буюу шөнөөр дараах замаар хоёр урсгалаар зорчих боломжтой. Үүнд:
-ХААИС-ийн дөрвөн замын уулзвараас KFC-ийн гурван замын уулзвар хүртэл;
-Зайсан тойруугийн зүүн хойд гурван замын уулзвараас ХААИС-ийн дөрвөн замын уулзвар хүртэлх зам үүнд хамаарах юм.
Харин 6-23 цаг хүртэл буюу өдрийн цагаар Зайсан тойруу нэг чигийн урсгалтай хэвээр байна" гэлээ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан "Зайсан тойруугийн замыг өвөл нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Харин одоо Зайсан орчимд бүтээн байгуулалт хийж буй барилгын компаниуд ачаа тээвэрлэлтээ эхлүүлсэн. Үүнээс болоод Зайсангийн зүүн чигийн зам дээр эвдрэл гарч, засвар шинэчлэл хийх шаардлага үүсээд байна. Энэ зам нь том оврын болон хүнд даацын машин явах зориулалтгүй. Тиймээс Зайсангийн зүүн талын хөдөлгөөнд 24 цагийн турш ачааны автомашинд жингийн хязгаарлалт тогтоосон. Өөрөөр хэлбэл, 8-аас дээш тонн жинтэй автомашиныг зорчуулахгүй" гэлээ.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд "Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо тэмдгийн заалтыг сайн баримтлах хэрэгтэй. Ямар нэгэн байгууллага, иргэдэд тусгай зөвшөөрөл олгохгүй. Дээрх зохицуулалтын хүрээнд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана" гэв.