Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотод арав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрөөс медалийн төлөөх тоглолтууд эхэлсэн бөгөөд -67 кг жинд Б.Мишээлт Венесуэл улсын тамирчин Палацио Кристиантай тулалдаж хоёрдугаар үед өрсөлдөгчийн хөмсөг сэтэрсний улмаас шүүгчдийн саналаар ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангалаа.
Мөнгөн медалийн төлөө энэ баасан гарагт тоглоно.
Тэмцээний нийт шагналын сан 5.2 сая ам.доллар юм. Алтан медаль 200, мөнгө 100, хүрэл медалийн амжилт гаргавал 50 мянган ам,доллар авна.
Манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин тус ДАШТ-ийг зорьсон юм.