Л.Оюун-Эрдэнэ: Ийм учраас л "Шүүхийг нүд цавчилгүй хар" гээд байгаа юм шүү

оруулсан Алсын Хараа
Монгол Улс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засаглалтай. Хоёр нь түнжин хагараад удаж байна. Засаг, шүүх хоёр хоорондоо үзэж байна. Олон нийтээс ч нуухаа болив. Тэдний хэрүүлийн алим нь авлига, албан тушаалын хэргүүд аж.
Энэ сэдвээр тал талаасаа үг ч, үйлдэл ч шидэлцэх болов. Засаг буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс шүүхийг байнга шүүмжилдэг. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзахдаа “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай” гэсэн.
Дараа нь 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй” гэж ярьсан. Мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн байдаг. Харин Шүүхийн зүгээс 2023 оны дөрөвдүгээр сарын 17- нд томоохон хариу барихыг оролдсон. Шүүхийн ерөнхий зөвлөл "Л.Оюун-Эрдэнийн дээрх үгс нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” гэсэн асуудлыг хэлэлцсэн. Олонх нь дэмжсэн. Гэхдээ эцсийн шийд гаргаагүй.
Улмаар 2023 оны тавдугаар сарын 1-нд”Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй” гэсэн мэдэгдлийг гаргажээ.
Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ хаширсангүй. Тэрбээр 2023 оны тавдугаар сарын 5-нд УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ "Шүүх шударга биш байна" гэж хэлсэн гэх агуулгаар намайг огцруулах санал хураалт хүртэл явуулсан байна. Үүнээс харахад авлигатай тэмцэх тэмцэл маш хялбар биш гэдэг нь харагдаж байна. Шүүхээс шаардахгүйгээр дохиогоор харьцдаг болох юм уу. Үүнийг сэтлэх ёстой. Ингэж байж иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ" гээд хэлчихнэ лээ. Тэгвэл энэ чуулган хуралдаж байх үед шүүх "Эрдэнэс Таван толгой" компанийн захирал асан Б.Ганхуягийг суллажээ. Шийдвэрийг Чингэлтэйн шүүгч Д.Сувд-Эрдэнэ гаргажээ. Үүнтэй холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ өчигдөр дахиад л шүүхийг шүүмжилсэн нэлээд хатуухан зүйлүүдийг ярьжээ.
Тэрбээр шүүхийн энэ шийдвэрийг "гадны нөлөө"-тэй гэж үзэж буй аж. Үүнийгээ нөлөө бүхий албан тушаалтнуудад хэлсэн талаар Төрийн ордноор ярьж байна. Түүнчлэн Бүлгийн хурлын дараа гишүүдтэй уулзахдаа "Шүүх намайг хэлэлцэж байхын оронд энэ авлигач шүүгчидтэйгээ хариуцлага ярих хэрэгтэй. Ингэж шийдвэр гаргаад байхаар авлига, албан тушаалын том хэргүүд яаж шийдэгдэх юм бэ. Ийм учраас л би "Шүүхийг нүд цавчилгүй хар" гээд байгаа юм шүү" гэжээ.
Дашрамд хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийг ингэж суух зуурт Чингэлтэйн шүүх Б.Ганхуягийг цагдан хорих эсэхийг дахин хэлэлцсэн байна. Учир нь түүнийг сулласан асуудлаар прокурор эсэргүүцэл бичжээ. Шүүх "Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй" хэмээгээд Б.Ганхуягийг цагдан хорих шийдвэр гаргажээ.
Ө.Бааст

Сэтгэгдэл бичих