“Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуягийг суллажээ

оруулсан Алсын Хараа

Нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн Баасан гаригт /2023.05.05/ батлан даалтаар суллажээ. Цагдан хорих хугацаа нь дууссанаар сулласан гэдгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэлийн ажилтан мэдэгдлээ.

Өмгөөлөгч нар нь “Б.Ганхуягийг цагдан хорих хугацаа дуусч буй тул батлан даалтаар суллаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг ийнхүү Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, шийдвэрлэжээ.  Гэхдээ түүнд  хилийн хориг  тавиагүй юм байна. Тэрбээр таван сар орчмын хугацаанд хоригдож байгаад суллагдаж буй аж.

Хэргийг нэхэн сануулахад, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар нүүрсний хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий найман хүнийг саатуулсан юм. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан юм. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байв.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо "хөрөнгө оруулалт" нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирал асан Д.Ариунболдыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр сулласан бол мөн тус компанид Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Х.Нурлат суллагдсан. Ийнхүү нүүрсний хэргээр яллагдагчаар татагдан, шалгуулж байсан "цагаан захтан"-ууд суллагдсаар бүгд наранд гарлаа.

Сэтгэгдэл бичих