БАЯН-ӨЛГИЙ aймгийн Засаг даргаар А.Камелиятыг батламжиллаа

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Засаг даргаар А.Камелиятыг батламжиллаа.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаар 2020 оноос ажиллаж байсан Д.Бауыржан өнгөрсөн оны 12 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Улмаар аймгийн ИТХ-ын 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит бус XII хуралдаанаар аймгийн Засаг даргын орлогч Х.Арманыг Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан ч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж буцаасан байдаг.

Тийм учраас аймгийн ИТХ өнгөрсөн сарын 17-ны өдөр ээлжит бус XIV хуралдаанаа хийж аймгийн Засаг даргад А.Камелиятын нэрийг дэвшүүлсэн. Аймгийн ИТХ-ын тус шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд батламжилсан байна.

А.Камелият нь 1963 онд төрсөн, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Төрийн удирдлагын болон эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. Тэрээр 1993-2002 онд аймгийн Прокурорын газарт нягтлан бодогч, 2002-2005 онд нийтийн аж ахуйн үйлчилгээний "Суат" компанид нягтлан бодогч, 2005-2012 онд аймгийн ЗДТГ-ын ерөнхий нягтлан бодогч, Аж ахуйн тасгийн дарга, 2012 онд аймгийн Засаг даргын орлогч, 2016-2020 онд аймгийн Засаг даргын орлогч, 2021 оноос аймгийн Татварын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. Мөн 2008-2016 онуудад аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдож байжээ.

Сэтгэгдэл бичих