УИХ-ыг 152 гишүүнтэй, сонгуулийг холимог болгох Үндсэн хуулийн нэмэлт

оруулсан Алсын Хараа

“Сонгуулийн мажоритар тогтолцоог 1990 оноос хойш ашиглаж байгаа билээ. Гэвч мажоритар тогтолцооны сул тал болох сонгогчдын санал гээгдэх, улс төрийн жижиг нам парламентад суудал авч чадахгүй байх, улмаар улс төрийн цөөнхийн оролцоог хангаж чадахгүйд хүрэх гэх мэт тогтолцооны гажуудал гарсаар байна. УИХ-ын 2000 оны ээлжит сонгуульд нийт 16 хувь буюу 190 мянган сонгогчийн санал гээгджээ. Энэ нь 10 тойргийн сонгогчийн тоотой тэнцэх дүн юм байна. Парламент дахь намуудын харьцааг тэнцвэргүй байдалд хүргэлээ” гэдэг судалгааны дүн гарчээ.

УИХ-ын ээлжит 8 удаагийн сонгуулийн 7 нь мажоритар /1996, 2000, 2004, 2016 онд 1 мандаттай 76 тойрог, 1992, 2008, 2020 онд олон мандаттай томсгосон тойргоор/ тогтолцоогоор явуулсан байх юм. Парламентын засаглалтай болсон сүүлийн 30 жилд ээлжит сонгуульд хэрэглэсэн сонгуулийн олонхын тогтолцоо шууд болон шууд бусаар олон сургамжийг бидэнд үлдээсэн гэж дээрх судалгаанд онцолсон байх юм. Тухайлбал:

  • Улс төрийн 36 нам байгаа ч УИХ-ын сонгуульд 20 хүрэхгүй нам нь өрсөлддөг. Сонгогчдын 1-ээс дээш хувийн дэмжлэгийг ердөө 2-6 улс төрийн нам авдаг;
  • Нийт 8 удаагийн сонгуулиас 6 сонгуульд нь нэг нам (МАН) УИХ-д олонх болж дангаараа болон хамтран ЗГ-аа байгуулдаг;
  • АН 2 удаа УИХ-д олон суудал авсан. 1996-2000 оны бүрэн эрхийг эс тооцвол дангаараа ЗГ-аа байгуулж байгаагүй;
  • МАН нийт 8 удаагийн УИХ-ын сонгуулийн дөрөвт нь буюу 1992 онд 70, 2000 онд 72, 2016 онд 65, 2020 онд 62 суудал авч хэт олонхын УИХ-ыг бүрдүүлсэн;
  • Гуравдагч хүчний орон зай хаалттай. ИЗН, МАХН, ХҮН нам цөөн суудлаар сонгогдож байсан ч сонгогчдын дэмжлэг тогтворгүй;
  • 1992, 2000, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиар авсан сонгогчдын санал УИХ-д дунджаар 23-43 хувь гээгдсэн;
  • УИХ-ын сонгогчдыг төлөөлөх чадвар буурч байгаа бөгөөд 2008 оноос хойш 4 удаагийн УИХ тус бүрийн сонгогдсон гишүүдийн авсан санал нийт сонгогчдын саналын 50 хувьд хүрээгүй;
  • Гадаадад байгаа иргэд сонгуульд оролцож саналаа өгөх эрхгүй. 2012 оны УИХ-ын сонгуулиар 1 л удаа гадаадад амьдарч байгаа иргэдийн санал өгөх эрх нээгдсэн;
  • Сонгогчдын улс төрийн оролцоо буурч байгаа;
  • Нэр дэвшигчид нь сонгогчдын тойргийн хэрэгцээг харж сонголтоо хийдэг болсон;
  • Нийслэлийн сонгогчдын тоо нэмэгдсэн. Улаанбаатар хотод нийт иргэдийн 46 хувь амьдарч байгаа ч УИХ-ын 76 суудлын 24 нь буюу 31 хувь нь л Нийслэлийн сонгогчдыг төлөөлж байгаа;
  • УИХ-д жендерийн тэгш байдал алдагдсан. УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь дөнгөж 17 хувь байна. Энэ үзүүлэлтээр дэлхийн дунджаас 9, Азийн дунджаас 5 хувиар бага;
  • Сонгогчдын 40 хувь 35-аас доош насны залуучууд байдаг боловч өнөөгийн байдлаар УИХ-д 35-аас доош насны залуучуудын төлөөлөл байхгүй.

Мажоритар тогтолцооны сөрөг тал нь сонгогчдын санал гээгдэх, тойргийн явцуу ашиг сонирхол үүсэх, улс төрийн жижиг нам улс төрд төлөөлөл болоход бэрхшээл үүсгэх явдал юм. Үүнээс үүдэн улс төрийн цөөнхийн үзэл санаа үгүйсгэгддэг тул төлөөлөн удирдах ардчиллын зарчимд нийцдэггүй. Үүнийг шийдвэрлэхийн тулд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх хувилбарыг дэвшүүлж байна. Сонгуулийн холимог тогтолцоо нь мажоритар болон пропорциональ тогтолцооны аль алиных нь шинжийг агуулдаг.

Сонгуулийн холимог тогтолцооны эерэг талыг дурдвал

▪ Сонгогч саналаа шууд, нууц гаргах эрхийн үндсийг бүрэн хангах боломжтой;

▪ Сонгуульд нэр дэвшигчийн талаас авч үзвэл нам, эвслээс гаргасан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт, тухайлсан нэр дэвшигчийн аль нь ч байж болохоор байна;

▪ -1 сонгогч -1 санал гэсэн саналын хувийн жин тэнцүү байх боломжийг бүрдүүлнэ. Сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэхдээ анхаарах зүйл нь пропорциональ тогтолцоогоор сонгогдох саналын босгыг оновчтой тодорхойлох явдал юм.

Босгыг хэт өндөр тогтооход:

  • парламент дахь цөөнхийн төлөөллийн тоог хязгаарлаж,
  • олонхыг төлөөлөх тогтолцооноос нэг их ялгаагүй болгодог бөгөөд хэт доогуур тогтоовол олонхын төлөөлөл тогтохгүй,
  • хамтарсан Засгийн газар байгуулахад хүргэдэг сөрөг талтай учир энэ босгыг оновчтой тогтоохоос парламентын ардчиллын хувь заяа шийдэгдэнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж батлах /1992 он/ үед УИХ-ын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон бөгөөд ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Парламентын засаглалтай олон улсад парламент нь дунджаар 150-аас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад үр нөлөөтэй. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор төсөлд тусгажээ.

Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэхэд:

  • сонгогчдын санал бага гээгдэх,
  • нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох,
  • бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай.

Парламентын сонгуулийн тогтолцооны хоёр хэлбэрийн оновчтой аргуудын давуу талыг тусгасан сонгуулийн холимог тогтолцоотой болгох, УИХ-ын нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорциональ аргаар сонгох зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулахаар тусгасан байна.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсанаар:

  •  ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах,
  • хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ.

Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхой зааж баталгаажуулснаар:

  • парламентын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх,
  • намууд сонгуульд шударгаар өрсөлдөх,
  • иргэдэд ойлгомжтой байх,
  • гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг төслийг дагалдуулан түүнийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг боловсруулна.

УИХ-аас гаргах хуваарийн дагуу:

  • УИХ-ын тухай,
  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт орно.

Сэтгэгдэл бичих