Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа ямар зарчим баримталсан талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн 2022 оны нэг, хоёрдугаар тогтоол гарсантай холбогдуулж, 54 дүгээр тогтоол гаргасан. Мөн 34 дүгээр тогтоолыг баталсан. 34 дүгээр тогтоолын хувьд зөвлөлдөх санал асуулга явуулах тухай юм. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, дэвшилтэт сонгуулийн системийг судалж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахыг 54 дүгээр тогтоолоор УИХ-аас Засгийн газарт даалгасан" хэмээв.
Яагаад зөвхөн Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан тоо, тогтолцоотой холбоотой өөрчлөлтийг өргөн мэдүүлж буй талаар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын хүрээнд олон санал гарч ирсэн. Засаглалын хэлбэр, шүүх эрх мэдэл гэх мэт. Эдгээр асуудлыг бүгдийг нь хөндөнө гэвэл томоохон өөрчлөлт хийхээр байсан. Олон нийтийг талцуулах хэлбэр рүү орох байсан юм.
Иймд эхний ээлжид баримталж буй хоёр тогтоол, журмынхаа хүрээнд тоо, тогтолцооны асуудлыг хөндөхөөр болсон. Харин дараагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өргөжүүлэн хэлэлцүүлэх нь зүйтэй.
Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг гүйцээж байгаа юм. Олон жил хүлээгдсэн асуудал байгаа.
1992 онд УИХ-ын гишүүн 23,000 иргэнийг төлөөлөхөөр 76 гэдэг тоо гарч ирсэн. Харин өнөөдрийн статистикаар Монгол Улсын хүн ам 3.4 орчим сая байгаа нь нэг гишүүн 45,000 орчим иргэнийг төлөөлж байна. Тоо, тогтолцоотой холбоотой асуудлаар сүүлийн 15 жилийн хугацаанд Цэцээс хоёр удаа дүгнэлт гарч, сонгуулийн тогтолцоог өөрчилж байсан.
Олон намын төлөөлөл парламентад орох боломжийг нэмэгдүүлсэн холимог тогтолцооны хувилбарыг Засгийн газарт өргөн мэдүүлж байна" гэдгийг хэлсэн юм.