Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 12 объектыг нэгжин шалгажээ

оруулсан Алсын Хараа

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 4 дүгээр сарын 24-30-нд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 824 хэргийг шалгаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 12 объектыг нэгжин шалгажээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-“А” нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Гадаадын иргэн, харьяатын газрын албан тушаалтан “М” удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх;

-Дундговь аймгийн Гурвансайхан сумын удирдах албан тушаалтан “Э” бусдад давуу байдал бий болгосон гэх;

-“Ц” нь нийслэлийн соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх;

-УБТЗ-ын албан тушаалтан “Ү” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

-“О” нь улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллах хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;

“Т” нь төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодит мэдээллээр хангах зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны тухай мэдээллийг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан АТГ ийнхүү товч байдлаар нийтэд мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих