ТАШКЕНТ. /UzA/. Урьдчилсан дүнгээр үндсэн хуулийн санал асуулгад оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь Узбекистаны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Энэ талаар тус улсын Сонгуулийн төв хорооны дарга Зайнидин Нижамхожаев даваа гарагт мэдээллээ.
“Урьдчилсан дүнгээр иргэдийн 90.21 хувь нь Узбекистаны Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж саналаа өгсөн бол, 9.35 хувь нь эсэргүүцэж, 0.49 хувийнх нь санал хүчингүйд тооцогдсон" гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
З.Нижамхожаевын мэдэээлснээр, бүх нийтийн санал асуулгын ирц урьдчилсан дүнгээр 84.54 хувьтай гарсан байна. Сонгогчдын жагсаалтад орсон нийт 19 сая хүний 16.6 сая гаруй нь санал асуулгад оролцжээ. Санал асуулгын эцсийн дүнг удахгүй танилцуулах аж.
Узбекистан улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулгыг ням гарагт явуулжээ. Үндсэн хуульд оруулах гол өөрчлөлтүүдийн нэг нь тус улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг долоон жил болгон сунгахтай холбоотой юм. Энэхүү өөрчлөлтөөр одоогийн төрийн тэргүүн Шавкат Мирзиёев 2026 онд болох сонгуульд гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжтой болно.
Түүнчлэн сенатын гишүүдийн тоог 100 байсныг 65 болгон цөөлөх, цаазаар авах ялыг халах, тус улсын иргэнийг гадаад улсад шилжүүлэн өгөхийг хориглох тухай заалтууд багтаж байна. Үндсэн хуульд анх удаа иргэний нийгмийн институци, тэдгээрийн үйл ажиллагааны баталгааны тухай тусдаа бүлэг оруулжээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг