Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл “Монгол” уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийж, бүх кинотеатраар гарч эхэллээ.
“17” продакшн, ДДЭШ ТВ, “Гэр комплекс”-ын хамтын бүтээл энэхүү уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа олны анхаарлыг татаж, монгол хүн бүрийн заавал үзэх киногоор тодроод байна. Зохиол, найруулга, зураглал, хөгжим, өнгө зэрэг хийцийнхээ хувьд үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй уг бүтээлийн зохиолыг Б.Амарсайхан өөрөө бичиж, найруулан, гол дүрд нь тоглосон юм. Тэрбээр сүүлийн нэг жилийн хугацаанд гурван бүтээлээ үзэгч олонд хүргэсэн байна.
Жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайхан “Монгол” уран сайхны киноныхоо тухай ярихдаа, “XX зууны суртал ухуулга сайн эрсийн түүхийг малын хулгайч төдийхөн болгон хувиргаж, Монгол Улсын түүхэнд байгуулсан гавьяа, зүтгэлийг гуйвуулж, бүдгэрүүлсэн нь харамсалтай. 90 жилийн түүхтэй Монголын кино урлаг сайн эрийг цор ганц удаа Цахиур Төмөрийн дүрээр л дэлгэцэнд үлдээжээ. Түүх бүхэн дэлгэцэнд үлддэггүй. Сайн эрсийн амьдрал, тэмцэл бол дэлгэцэнд үлдэх гавьяатай түүх юм. Тэр эрчүүдийн түүхэн гавьяаг кино дэлгэцийн бүтээл болгох нь уран бүтээлч миний энэ салбартай амьдралаа холбосон 23 жилийн турш үргэлж бодсоор ирсэн хүсэл мөрөөдөл, үүрэг хариуцлага юм” гэжээ.