Халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн тэргүүлэгч брэндүүд хүмүүсийг бие биеэсээ зай барьж, зайнаас харилцахыг уриалан логоныхоо загварыг өөрчилжээ. Тухайлбал, McDonald's, Coca-Cola, Audi болон Volkswagen брэндүүд логогоо өөрчлөн, бие биеэсээ зай барьж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар тархалтыг бууруулахын тулд гэртээ байхыг уриалжээ.
Гэвч загварын салбарын зарим мэргэжилтнүүд брэндүүдийг логогоо өөрчилсөнд тийм ч таатай хандаагүй байна. Siegel+Gale консалтингийн компанийн Креатив захирал Дуглас Селлерс "Дэлхий даяар тулгараад буй энэ нөхцөл байдал хошигнол биш. Энэ бол ноцтой асуудал” гэжээ.
AdAge сэтгүүлийн ерөнхий редактор Брайн Брэйкер энэ цаг үед брэндүүд бодит тусламж үзүүлэх цаг болсон гээд Gap компанийн эрүүл мэндийн ажилтнуудад зориулж амны хаалт хийж буйг, Christian Dior болон Givenchy зэрэг брэндүүдийн эцэг компани LVMH сүрчигний үйлдвэрүүдээрээ гар ариутгагч бодис хийлгэж буйг дурдсан байна.
Макдональдс Бразил
Өнгөрсөн долоо хоногт McDonald's Brazil өөрсдийн логоны алтан нуман хаалгаа хоёр хувааж Фэйсбүүк хуудастаа тавьжээ.
Кока-Кола
Нью-Йоркийн Таймс Скүэрт Coca-Cola компани үсэгнүүд нь хоорондоо "зай барьсан" лого бүхий сурталчилгааг байршуулжээ. Тус сурталчилгаандаа “Зайтай байх нь хамт үлдэх хамгийн зөв зам” хэмээн бичсэн байна. Тус компани ихэвчлэн хайртай хүмүүстэйгээ хамт байж, бие биеэ хайрлахыг уриалсан сурталчилгаа гаргадгаараа онцлогтой юм.
Ауди болон Фольксваген
Audi хүмүүсийг гэртээ байж, зайнаас харилцахыг уриалан дөрвөн цагирагаа салгасан логог богино видео сурталчилгаандаа хийсэн байна.
Volkswagen мөн л V, W үсэгнийхээ хоорондын зайг холдуулж, зай барьж буйд баярлалаа хэмээн бичжээ.
Nike
Олон хүн нэг дор цуглахыг хориглоод байгаа тул Nike ч мөн адил хүмүүсийг аль болох гарахгүй байж дотор тоглохыг уриалжээ. Коронавирусийн дэгдэлтийн улмаас Nike дэлхий даяар хэд хэдэн салбар дэлгүүрээ хаагаад байгаа билээ.
Латин Америкийн хамгийн том цахим худалдааны Mercado Libre компани гар барьж буй логогоо өөрчилжээ.
Hershey's шоколад ээжүүдийн баярт зориулж хайраа зайнаас түгээхийг уриалсан сурталчилгаа гаргажээ.
Эх сурвалж: CNN