Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан ОХУ АНУ-д эмнэлгийн тоног төхөөрөмж илгээлээ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэн байна.
"Манай улс олон оронтой маш сайн харилцаатай. Хятад мөн бидэнд зарим төрлийн тусламж явуулсан. ОХУ-аас АНУ руу эмнэлгийн тоног төхөөрөмж ачсан маш том онгоц илгээсэн. Энэ бол үнэхээр сайхан хэрэг" хэмээн Трамп мэдэгджээ. Тэрбээр ОХУ-ын зүгээс үзүүлсэн тусламжтай холбоотой өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. "Бусад улс орноос ч бидэнд тусламж илгээсэн. Би үнэхээр гайхсан" гэж Цагаан ордны тэргүүн нэмж хэлжээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 160 мянга давж, 2900 гаруй хүн нас барсан байна. ВАШИНГТОН. /ТАСС/