Д.Ган-Очир: Монголын эдийн засагт үүлэн чөлөөний нар тусаж байна

оруулсан Алсын Хараа
journalist avatar
Энхтайван МӨНХЦЭЦЭГ
+
"iToim" агентлагийг хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2023 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа. Төгрөг чангарч, инфляц буурах хандлага байна. Энэ нь ковидын дараах эдийн засгийн сэргэлт үү. Ер нь эдийн засаг сэргэж байна гэдгийг эдгээр үзүүлэлтээр хэмжих үү?

-Эдийн засгийн сэргэлтийг ДНБ-ий өсөлтөөр л хэмжинэ. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлт хараахан зарлагдаагүй байгаа. Ирэх сарын дундуур зарлагдана. Урьдчилсан гүйцэтгэлийн төсөөллөөр эдийн засаг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувиар өссөн байна. Гэхдээ гүйцэтгэлийг эцсийн байдлаар нэгтгэх явцад бага зэрэг хэлбэлзэж магадгүй. ДНБ-ээс гадна богино давтамжтай үзүүлэлтээр эдийн засгийн идэвхжлийг хэмжиж болно. Гаалын статистикийн мэдээллээр 2023 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр нүүрсний экспортын орлого 94 хувиар өссөн байна. Монгол Улс оны эхний гурван сард 3.7 тэрбум ам.доллартай тэнцэх экспорт хийсэн байна. Зэсийн баяжмал мөнгөжөөгүй алтнаас бусад түүхий эдийн экспорт 91-ээс дээш хувиар өссөн. Тухайлбал, чулуун нүүрснээс олох валютын орлого 2.3, цайрын хүдэр баяжмал 1.4, жонш 2.8 дахин өссөн байна. Экспортын орлого өсөхөд биет хэмжээ, үнийн нөлөө яригдана. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг харвал түүхий эдийн үнийн хувьд том хэлбэлзэл гараагүй. Харин орлогын өсөлтөд биет хэмжээ жин дарж байна. Өмнөх жилүүдэд уул уурхайн түүхий эдийн биет хэмжээ бага, орлого муу байсан. Энэ онд биет хэмжээ нэмэгдэхийн хэрээр борлуулалт сайжирч, уул уурхайн салбарт хамгийн том сэргэлт гарч байна. Уул уурхайн салбарыг дагаж тээврийн салбар өсдөг.

-Гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын ашигтай хэрнээ төлбөрийн тэнцэл 200 орчим сая ам.долларын эерэг гарсан. Уг нь экспортын орлого нэмэгдсэн юм чинь валютын нөөц энэ хэрээр нэмэгдэх учиртай биз дээ?

-Макро үзүүлэлтийн хувьд худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллараар давсан. Уг нь таны хэлснээр худалдааны тэнцлийн энэ том ашгийг дагаж валютын нөөц нэмэгдэх учиртай. Гэвч эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл 189 сая ам.долларын ашигтай гарсан. Худалдааны тэнцэл 1.6 тэрбум ам.долларын ашигтай хэрнээ яагаад төлбөрийн тэнцэл 189 сая ам.доллар байна вэ гэхээр зөрүү 1.1 тэрбум ам.доллараар үйлчилгээний салбарын алдагдлыг нөхөж байна гэсэн үг. Аялал жуулчлал, боловсролын салбар алдагдалтай, гарах урсгал нь илүү байсаар байна.

Өнөөдрийн эдийн засгийн сэргэлтэд эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого, тэр дундаа нүүрсний экспорт нөлөөлж байна. Үүний ард БНХАУ тэг ковид бодлого, хил гаалийн хорио цээр суларснаас үүдэн биет хэмжээ нэмэгдсэн. Түүнчлэн, 2023 оны эхний улиралд БНХАУ-ын эдийн засаг нь 9 хувиар өссөн байна. Үүнийг дагасан эрэлтээс үүдэн Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өслөө.

-Экспортын орлогын 90 гаруй хувийг нүүрсний орлого эзэлсэн байна. Нүүрсний орлого нэмэгдэхэд Засгийн газраас зарласан авлига, нүүрсний хулгайтай тэмцэх ажил нөлөөлсөн үү?

-Ер нь Монгол Улсаас экспортод бүтээгдэхүүн гарсан л бол түүний орлого нь Монголдоо орж ирдэг байх ёстой. Гэтэл Монголоос нүүрс гарчихаад валют нь орж ирэхгүй байсан асуудал гарлаа. Үүссэн нөхцөл нь хулгай юу, үгүй юү гэдгийг мэргэжлийн шалгадаг байгууллага нь тогтоох болов уу.

Биет хэмжээ, зах зээлийн үнээр борлуулсан хэмжээгээр валютын урсгал орж ирэхгүй байгаагаас валютын нөөц дундарч, ханших өсөх зэрэг эрсдэлүүд гарсан. Тиймээс тэр чиглэлд авсан арга хэмжээ, тэмцэл нь Монгол Улсад орох ёстой орлогыг бүрэн төвлөрүүлэхэд нөлөөлсөн. Алдах байсан боломжийг нөхөж оруулсан байна гэж харсан.

-Эдийн засагт гарч байгаа эерэг үзүүлэлтүүд тогтвортой үргэлжлэх үү. Ер нь цаашдын төлөв ямар байна вэ?

-Энэ оны хувьд эдийн засгийн энэ сэргэлт үргэлжилнэ гэж төсөөлж байна. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг 2023 онд 5-5.5 хувийн өснө гэж таамаглаж байна. Эхний улирлын 7.6 хувийн эдийн засгийн өсөлт бага зэрэг саарах магадлалтай ч дундаж өсөлт хадгалагдах эерэг дүр зураг харагдаж байна. Мэдээж ийм хэмжээний өсөлтийг хангах гол хүчин зүйл нь нүүрсний экспорт. ДНБ-ий өсөлтөд экспортын биет хэмжээ чухал нөлөөтэй. Манай улс оны эхний гурван сард 14.1 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ эрчээрээ явбал жилийн эцэст нүүрсний экспорт 40 сая тонн давах бололцоотой. Энэ уул уурхайн салбарын өсөлтийг дагаж эдийн засаг өснө, валютын орох урсгалд том нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар гадаад валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар байна. Ирэх тавдугаар сарын эхээр Засгийн газрын гадаад бондын төлөлтөд 400 орчим сая ам.доллар гадагшилна. Энэ томоохон төлбөрийг төлсний дараа ч валютын нөөц огцом буурахгүй, нөхөгдөөд явах бололцоо бүрдсэн.

-Юун 400 орчим сая ам.долларын төлөлт билээ. Бондын төлөлтийг дахин санхүүжүүлсэн биш бил үү?

-Оны эхэнд босгосон 650 сая ам.долларын бондын 350 сая ам.долларын төлөлт тавдугаар сард хийх хуваарьтай. Бид валютын нөөцдөө дарамт учруулахгүй байх үүднээс оны эхэнд дахин санхүүжилт хийсэн. Одоо валютын нөөцөөсөө энэ төлөлтийг хийхэд дарамтгүй болсон. Валютын орох урсгал талдаа өмнө нь төсөөлж байснаас эерэг үр дүн гарч байна.

-Экспортын орлого бол валют орж ирэх нэг л урсгал. Гадаадын шууд хөрөнгө оруулалт талдаа эерэг хүлээлт байна уу?

-Өнөөдрийн нөхцөлд валютын нийт урсгалд экспортын орлого чухал нөлөөтэй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт талдаа Оюу толгой төслийг дагасан том урсгал орж ирдэг. Сард 100-120 сая ам.доллар буюу жилд тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг. Гуравт, банк санхүүгийн байгууллагуудын ам.доллар оруулж ирэх урсгал сайн байгаа. Банкууд Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас 300-400 сая ам.долларын ногоон санхүүжилт буюу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хөрөнгө оруулалт амжилттай татсан байна. Удахгүй Азийн хөрөнгө оруулалт дэд бүтцийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж байна. Засгийн газрын зүгээс ч олон улсын байгууллагуудаас оруулж ирдэг гадаад санхүүжилтүүд бий.

-Эдийн засаг тэлэлт, өсөлтийг дагаж санхүүгийн зах зээлд зээлийн эрэлт ихэвхждэг. Гэвч банкуудын ААН-үүдэд олгох зээл эрс багасаад байгаа нь ямар учиртай юм бэ? 

-Эдийн засгийн сэргэлт өнгөрсөн гуравдугаар сараас илүү мэдрэгдэж байна. Зөвхөн гуравдугаар сард 3.8 сая тонн нүүрс экспортод гаргасан. Тонныг нь дунжаар 140-150 ам.доллараар зарсан гэж тооцвол 800-900 сая ам.долларын орлого орж ирсэн гэсэн үг. Энэ сэргэлтийн нөлөө ирэх саруудад гарна. Өмнө нь тодорхой бус байдлаас шалтгаалж банкууд зээл олголтоо багасгасан тал бий. Дээр нь, IPO гаргаж байгаа том банкууд балансдаа хэт том савлагаа гаргахгүй гээд зээлээ хумьсан хандлага ажиглагдсан. Одоо валютын нөөц нэмэгдэж, ААН-үүд Төв банкинд валют худалдаад оронд нь төгрөг авч байгаа. Энэ талаас нь харвал зээл гаргах боломжтой чөлөөт эх үүсвэрийн хэмжээ сүүлийн нэг сард 1 их наяд төгрөгөөр өссөн. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 6.5 их наяд төгрөг байна. Үүнийг дагаж зээлжих бололцоотой эх үүсвэр нэмэгдэнэ. Эдийн засгийн сэргэлт банкны зээл гаргалтад нөлөөлнө. Зээлийн өсөлт 10-15 хувь гарах боломжтой гэж тооцож байна.

quote photo

Инфляц, дефолт гэсэн хоёр том мангас байнга хаалга тогшиж байгааг мартаж болохгүй

-Төв банк, Засгийн газар эдийн засаг сэргэж байна гэдэг. Харин иргэд үнийн өсөлтөд дарлуулж байна, цалин тэтгэвэр нэмэгдэхгүй амьдрал хүнд байна гэнэ. Эдийн засгийн энэ эерэг үзүүлэлтүүд хэзээ иргэн Долгор, Доржийн амьдралд мэдрэгдэж, нөлөөлөх вэ?

-Саяхан болсон ОУВС-гийн тайлангийн хурлын үеэр дэлхийн нийтэд инфляц гэдэг том асуудал байна. Энэ асуудал 2023 онд ч үргэлжилнэ. Хөгжиж байгаа болон хурдацтай тэлж орнуудын инфляц алгуур буурна гэдгийг онцолсон. Монгол Улсын хувьд инфляц алгуур буурах хандлага руу орсон. Улсын хэмжээнд гуравдугаар сард инфляц 12.1 хувьтай гарсан. Дөрөвдүгээр сард алгуур буурч, 11 орчим хувьтай гарах дүр зураг харагдаж байна. Мөнгөний чанга бодлогын үр дүн гарч байна. Төгрөгийн хадгаламжийн өгөөжийг нэмэгдүүлж, иргэд хадгаламжаа төгрөгөөр хадгалуулах сонголтыг хийж байна. Үүний үр дүнд валютын ханш бага багаар буурч, төгрөг чангарахад нөлөөлж байна. Инфляцын бууралт удаан байгаа нь импортын барааны үнэтэй холбоотой. Ханшийн чангарал импортын барааны үнийг өсгөж байсан. Энэ нөлөө бага багаар буурч байгаа учраас импортын барааны үнэ тогтворжино. Хоёрт, оны эхнээс хувийн хэвшлийнхний цалин өссөн. Энэ нь өрх талдаа орлого юм шиг хэрнээ ААН талдаа зардал. Энэ зардлаа үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний өртөгдөө шингээж байгаа тул үнэ бага зэрэг өссөн. Мөн эдийн засаг идэвхжихээр худалдан авалт нэмэгдэнэ. Эдийн засгийн сэргэлт нь  эрэлт талаа өдөөж байгаа учраас инфляцад нөлөөлнө. Гэхдээ инфляц алгуурхан буурсаар оны төгсгөлд 10 хувиас доош буулгах, сайнаар харвал найман хувьд бууна гэж тооцож байна. Одоо үүсэж байгаа макро эдийн засгийн эерэг төлөв чухал нөлөөтэй. Бараа бүтээгдэхүүний үнэ айхтар буурахгүй ч өсөлтийн хурд саарах учраас иргэнд очих нэмэлт дарамт багасна. Мөн эдийн засгийн сэргэлтийг дагаж ажлын байр, хөдөлмөр эрхлэлт эрчимждэг. Энэ нь өрхүүдийн эдийн засаг, орлогод эерэг нөлөө үзүүлнэ.

Харин орлого өслөө гээд төсвийн тэлэлт хийж, баталснаасаа зарлагаа нэмэх нь инфляцад дарамт болно. Ирээдүйд үүсэх импортын өсөлтөөр дамжиж хуримтлагдах бололцоотой байсан валютын нөөцийг багасгана. Тиймээс төсвийн тэлэлтийг одоогийн түвшнээс нэмэхгүй байх нь чухал.

 -Эдийн засаг сэргэж байгаа ч төр хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн үг үү?

 -Тийм. Өнөөдөр хэдий эхний гурван сард 14 сая тонн нүүрс зарж, валютын урсгал сайжирч байгаа ч үлдсэн саруудад зарцуулалт өөр болно. Импорт нэмэгдэнэ.Дандаа ийм ашигтай байна гэж эндүүрч болохгүй. Манай зах зээл Хятадаас ихээхэн хамаарна.  Үлдсэн саруудад эхний улирал шиг 14 сая тонн нүүрс авах уу, үгүй юү. Тодорхой бус байдлын эрсдэл бий. Нөгөө талд долдугаар сарын 1-нээс бүх арилжаа биржээр явахаар ямар өөрчлөлт гарахыг таашгүй.

Мөн түүхий эдийн зах зээл том мөчлөг дунд байдгийг мартаж болохгүй. Өнөөдрийн энэ сэргэлт үүлэн чөлөөний нар байж магадгүй. Тиймээс бид энэ орлогыг яаж тогтвортой байлгаж, дараагийн уналтын мөчлөгийг хохирол багатай давах механизм руугаа анхаарах нь чухал. Өнөөдөр том орлоготой байх, түүнийг дагаж төсвийн орлого өсч байгаа учраас дахиад зарцуулалтаа нэмье гэдэг богино хугацааны уралдаан бодож болохгүй. Марафонд гүйж байгаа бол эцсийнхээ хөгжил дэвшил, хүртээмжтэй өсөлт, өрхийн орлого, тогтвортой байдал руу л чиглүүлэх учиртай.

-Цар тахал, бүс нутгийн дайны байдлаас монголчууд ямар сургамж авсан, цаашдаа юунд илүү анхаарах хэрэгтэй гэж Та харж байна вэ?

 -Эдийн засагч хүний хувьд цар тахал, геополитикийн давлагаанаас монголчууд хоёр том сургамжийг авч, алдаагаа давтахгүй байх нь чухал гэж харсан.  Нэгд, инфляц тоглоом биш юм. Монголд инфляц өсөхдөө амархан үсэрдэг, буухдаа удаан. Дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас гадаад зах зээл, тээвэрлэлтэд саад учирвал дотоодод инфляц өдөөгддөг. Арван хувийн инфляц тутамд хүмүүсийн халааснаас 3.5 их наяд төгрөгийг жил бүр авч байна. 2020 оноос хойш 30-40 хувийн инфляц гэдэг нь бид 15-16 их наяд төгрөгийг халааснаасаа гаргаад хийсгэсэн байна. Иймд инфляцын зохистой харьцааг хангахын тулд макро бодлого маш болгоомжтой байх ёстой.

Хоёрт, Монгол Улсын гадаад өрийн асуудал маш эмзэг байна. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад ч нэлээд өндөрт эрсдэлтэйд тооцогддог. Манай улс экспортолдог барааны  үнэ унаж, орлого нь буурчихвал дефолт болох эрсдэл байнга дэргэд байгаад байна. Энэ гэнэт алга болчихгүй. Тиймээс энэ эрсдэлээ удирдахын тулд орлого өссөн үедээ аль болох хуримтлал үүсгэж, болбол эргэн төлөлт хийдэг байх. Төлдөггүй юмаа гэхээд макро зохистой бодлогоор дэмжиж, өрийн менежментээ сайжруулж явахгүй бол дефолтын эрсдэл биднээс холдохгүй.

Энэ хоёр мангасаас сэргийлсэн бодлогыг хэрэгжүүлж, макро гол бодлого нь үүнээсээ гажихгүй л явах ёстой. Хоёр том хөрштэй холбоотой геополитикийн асуудлууд явж байна. Эдийн засаг, гадаад харилцааны бодлогын хувьд энэ эрсдэлтэй, тодорхой бус сорилттой орчинд нийгмээ, улс орноо, эдийн засгаа яаж авч явах нь илүү том сорилт болоод байна. Цар тахал, Укриантай холбоотой нэг том давлагаа дууссан ч үүнээс ч дутахгүй геополитикийн сорилтууд хэвээр л байна. Тиймээс энэ том эрсдэлийг, харж урагшлахгүй бол нэг улирал эдийн засаг өслөө гэж хөөрцөглөж боломгүй.

Сэтгэгдэл бичих