Ердөө хэдхэн жилийн өмнө Төрийн ордонд ТЕГ-ын дарга асан, хошшу генерал Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол болж байв. Б.Хурцын гар хөл болж ажилладаг таван прокурор, дөрвөн шүүгч, 10 мөрдөн байцаагч гэсэн яриа гарч байв. Мэдээж тэдний нэрсийг ажлын хэсгийнхэн олон нийтэд зарлаагүй ч тэдний нэрс сонсголын протокол, дүгнэлтэд бичигдэж үлдсэн нь ойлгомжтой. Тэгвэл тэр үед Б.Хурцтай холбоотой хэмээн яригдаж байсан түүний гар хөлнүүд өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагад нэлээд бэхжиж, хүчтэй болоод байна.
Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоу хийсэн, Д.Энхбат агсныг авчирч эрүүдэн шүүсэн гээд олон дуулианы эзэн Б.Хурцын цэргүүд "амь бөх” байгааг дуулгая. Б.Хурцын хуулийн салбар дахь гар хөлнүүдийн нэг бол одоогийн ТЕГ-ын тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ.
А.Бат-Эрдэнэ нь Б.Хурцтай хамт Францаас Д.Энхбатыг хулгайлж ирсэн баруун гар нь юм. Тэрбээр нь цэргийн байгууллагад 27 жил ажилласан, хурандаа цолтой. 1993-1998 онд УМБГ-т мөрдөн байцаагч, 1998-2005 оноос Тагнуулын ерөнхий газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан. Б.Хурц ТЕГ-ын дарга байхдаа А.Бат-Эрдэнийг ТЕГ- ын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар томилж байв. Иймдээ ч тухайн үедээ Б.Хурцын удирдлага дор гарнийлж олон хэрэг дээр хамтарч ажилласан байдаг. Үүнээс хамгийн алдартай нь Д.Энхбат агсны хэрэг юм. ТЕГ-ын Тамгын газрын дарга асан Э.Эрдэнийг Б.Хурцын цэрэг гэдэг. Тэрбээр ТЕГ-ын Тамгын газрын дарга хүртлээ дэвшиж ажилласан.
Мөн Хөгжлийн банкны хэрэгт орж, хөгөө чирсэн. Одоо ч хэрэг нь шалгагдаж буй. Тодруулбал, “Инжир" ХХК-ийн удирдлагууд Хөгжлийн банкнаас зээл авахад Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга асан Э.Эрдэнэ хууль бусаар нөлөөлж, тусалсан болох нь тогтоогдсон. Тус компани барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй ч зээл авсан байсныг шинжээчид тогтоожээ.
Мөн зээл авч өгснийхөө хариуд, Б.Батбаатар, Ч.Өлзий нараас 435 сая төгрөгийг бэлнээр авч, дамжуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж прокурорын байгууллага танилцуулсан байдаг. Сандарсан ТЕГ-ын Тамгын газрын дарга асан Э.Эрдэнэ мэдүүлэгтээ ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн даалгавраар үүрэг гүйцэтгэсэн гэж мэлзэж байгаа сурагтай. Б.Хурцын дараагийн гар хөл бол ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир. Түүний намтрыг харахад, Б.Хурцын багийнхан С.Зоригийн хэргийг дахин мөрдөн шалгаж байсан ид үед буюу 2014-2015 онд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга, 2015-2016 онд ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байв. Улмаар 2020 онд Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилогджээ. Тэрбээр Макс Жонсоны 38 тэрбум төгрөгийг залилсан Монгол иргэнийг шалгаж байсан бөгөөд АНУ-ын тал шилжүүлж өгөх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэг мухардсан хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн Ховдынх. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор дамжуулан Б.Хурцтай “зуз" болсон гэдэг. ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн албаны дарга Т.Сүхболд Б.Хурцын найз Сийлэнгийн Ганбатын “цэрэг" гэхээр дахин шалгаж эхэлсэн С.Зоригийг хөнөөсөн хэргээс үнэнг олно гэдэг бараг л боломжгүй болж таарч байна. Учир нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гэмгүй хүмүүсийг буруутгаж эрүүдэн шүүсэн гол хүн нь Б.Хурц. Түүний буруу байсныг Монголын Засгийн газар, хууль хяналтын байгууллагаас баталж, дахин шалгах ажлын хэсгийг ч байгуулаад байна.
Тэгвэл дахин байгуулагдсан ажлын хэсгийг ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн албаны дарга Т.Сүхболд ахалж байгаа нь бас л гайхамшиг шүү. Ер нь энэ хэргийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд илрүүлэх зорилго улстөрчдөд ч, хууль хяналтынханд ч байгаагүй бололтой юм. Аль нэг эрх ашгийг л хангаж ийш тийш болгож ирсэн. Тэр тусмаа 2017 онд гурван шүүхээр яаран шийдсэн нь бүр ч асуудалтай. Одоо Т.Сүхболдоос ямар “сценар" гарах нь бас л сонирхолтой шүү.
Б.Хурцын туслах асан М.Батсайхан ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны даргаар томилогджээ. Ид мандаж байсан үед нь цүнхийг нь бариад гүйж байсан хүн ачийг нь яаж мартах вэ. Тэр бол яах аргагүй хошууч генерал Б.Хурцын хуулийн салбар дахь гар хөлүүдийн нэг болж таарна. Тэрбээр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байна. ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх Албаны дарга Б.Нандинболор нь Б.Хурцын эхнэр Ү.Сарнайн үеэл дүү гэдэг. Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаагаар ажиллаж байгаад “суга” татуулсаар одоогийн албан тушаалд хүрсэн нэгэн. Тэрбээр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, ЦЕГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар, Хорих ял эдлүүлэх албаны даргаар дэвшиж ажилласан түүхтэй. Түүний энэ замнал мэдээж генерал Б.Хурцын карьертай холбоотой биз. Хошууч генерал Б.Хурцын бас нэгэн цэрэг тушаал дэвшихээр гүйж явна.
Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга дэд Д.Тэмүүлэн 2021 онд Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга болсон бөгөөд одоо “том” дарга нь болохоор гүйж явна. Тэрээр нэгэн цагт ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “дүү” байв.
Мөн түүний нөмөр нөлөөгөөр Төрийн албанд орж хөлөө олсон нэгэн. Тэгэхээр “ах”-ынхаа сачийг мартаагүй яваа нь ойлгомжтой. Монголын төр Төрийн ордноо Б.Хурцын “дүү”-гээр хамгаалуултлаа төөрч, төрөлжсөн гэхээр бас л гайхамшиг юм даа. Засгийн газар нь хулгай дээрэм, хуулийн мафитай тэмцээд үйлээ үзэж байгаа энэ цагт Б.Хурцын цэрэг Төрийн ордныг хамгаалж байгаа нь бас л хоржоонтой шүү. Хошууч генерал Б.Хурц АТГ-ын Дэд даргаар ажиллаж байхдаа, түүнийг чөлөөлөх УИХ-ын тогтоол нь гарч амжаагүй байхад С.Зоригийн хэргийг "илрүүлэх" гэж яаран ТЕГ-ын дарга болсон байдаг. Өөрөөр хэлбэл нэгэн цагт АТГ-ын дэд Дарга бөгөөд ТЕГ-ын даргын албыг давхардуулан хашиж байсан гэсэн үг. Б.Хурц ингэж л төрийн хууль журмыг уландаа гишгиж явсан. Одоо ч тэрээр томилсон, томилуулсан гар хөлүүдээрээ дамжуулан хуулийн байгууллагуудыг атгаж яваа бяртай этгээд!