С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдож, 20-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхээс цагаатгаад байгаа юм. Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг 2015 онд баривчилснаар С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахиж олны анхааралд гарч ирсэн. Та Т.Чимгээгийн хэрэг дээр анхнаас нь орж ирсэн үү?
-Би Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр 2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр ах Хүрэлбаттай нь гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Анх Төв аймаг дахь Цагдан хорих байранд гурав, дөрвөн удаа очиход “ТЕГ-аас таныг оруулж болохгүй гэсэн” гээд уулзуулахгүй байсан. “Хэн тэгээд байна вэ” гээд Хорихын дарга дээр ороод уулзахад “ТЕГ-ын Бархасбадь хурандаа таныг уулзуулж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсөн” гэж байв.
Эцэст нь Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргаж байж, тэндээс Тагнуул дээр очиж гэрээгээ үзүүлж, нууцын баталгаа гаргаж өгсний дараа өмгөөлөгчөөр орохыг зөвшөөрсөн. Угтаа хуульд зааснаар хэнбугай ч өмгөөлөгчөө өөрөө сонгох ёстой. Гэтэл ТЕГ-аас үүрэг чиглэл авч байж, тэд зөвшөөрч байж Т.Чимгээг өмгөөлөх болсон.
Хорих ангид Т.Чимгээтэй анх уулзахад эрэгтэй, эмэгтэй хүний том жижиг углааш хөлөндөө углачихсан, богино өмдтэй, дан подвалктай, үс нь сэгсийчихсэн гарч ирсэн.
-Арванэгдүгээр сар гэдэг намрын сэрүү орсон үе байх нь?
-“Ийм хүйтэнд нимгэн хувцастай юу болж байна вэ” гэж намайг асуухад “Гурван сарын өмнө буюу наймдугаар сарын 31-нд ийм хувцастай гудамжнаас кинон дээр гардаг шиг нүүрээ битүү халхалсан, масктай хүмүүс миний толгойд даавуу углаад машинд хүчээр суулгасан. Нэг мэдэхэд Төв аймгийн Цагдан хорих байранд байсан. Ийм хувцастайгаа гурван сар болж байна. Подвалийн өрөөнд хоригддог. Тэнд ямар ч гэрэл гэгээ ордоггүй, цонхгүй. Цементэн шалтай, бетонон ханатай хүнд нөхцөлд байна” гэж байсан. Эмэгтэй хүн гурван сар усанд ороогүй, маш хүнд нөхцөлд байсан. Чимгээ бас “Чам шиг юм өмгөөлөгч авахгүй шүү дээ. Чамайг өмгөөлөх өмгөөлөгч ч олдохгүй” гэж дарамтлаад байсан. Би хийгээгүй хэргийнхээ төлөө сууж байна. Та намайг өмгөөлөх гэж байгаа юм уу” гэж итгэж ядаад зөндөө уйлсан.
Би тэр үед хэлсэн. “За миний хүү битгий уйл. Энэ хорвоо дээр амьд л явж байвал юмны учир нь олдоно” гэж яриад д түүнээс хойш бүх байцаалтад хамт орж байсан. Намайг өмгөөлж эхлэхээс өмнө маш олон ажиллагаа явагдчихсан байсан. Чимгээгийн гэр, ах дүү нарынх нь гэр, ээжийнх нь гэрийг нэгжээд 1998 онд байсан зурагтай альбомыг тэр чигээр нь хурааж авч явсан.
Ах дүүгийнх нь гэрээс алт мөнгөн эдлэлийг нь хүртэл хураагаад авчихсан байсан. Тэр үеийн ам зураг гардаг шүү дээ.
-Тийм ээ, одоо хүртэл яригдаж байгаа ам зураг. Тэр зураг Т.Чимгээгийн зурагтай нэлээд төстэй харагддаг байх аа?
-Т.Чимгээгийн 1998 оных нь зурагнаас дахиж зурсан гэж би боддог. Тэр зургийг дахиад сайн хараарай. Т.Чимгээгийн 1998 оны үеийн залуугийн зураг, Б.Содномдаржаагийн 40 настайгийнх нь зураг зэрэгцэж байгаа. Хэрэг гарах үед Б.Содномдаржаа 23 настай, Т.Чимгээ 29 настай байсан. Гэтэл 1998 оны ам зураг гэхэд Б.Содномдаржаагийн 40 насны зураг байх жишээтэй.
Түүнээс гадна шүүх хурал болоход нотлох баримт цуглуулах хэрэгтэй болно шүү дээ. Тиймээс 1998 оны аравдугаар сарын 2-нд Т.Чимгээ хаана байсныг батлах хэрэгтэй болно. Дорноговь аймагт 1998 онд миний үйлчлүүлэгч өндөр настай эмээгээ асарч байсан. Тэр хөгшний гар дээр Т.Чимгээ өссөн учраас гурав болон нэгдүгээр ангийн охидтойгоо, мөн хоёр настай хөхүүл хүүтэйгээ хамт эмээгээ асардаг. “Тэр үед хүүхдүүдээ сургуульд зөөгөөд эмээгээ сахиад гэрээс ч гардаггүй. Юун Эрдэнэтэд тогооч хийх манатай. Тэнд ер очиж байгаагүй. Саяхнаас тогооч хийх болсон. 1998 оны үед бүжигчин байсан хүн. Тиймээс хамаагүй” гэж Т.Чимгээ ярьдаг.
-Тэгээд хэрэг гардаг өдөр тэнд байгаагүй гэдгийг та баталж чадсан уу?
-Тийм баримт олохын тулд Т.Чимгээгийн хоёр охин сурч байсан сургууль дээрээс очиж шүүлгэсэн. Хоёр охины ангийн журналыг олсон. Хүүхдүүд нь 1998 оны есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын дунд хүртэл өдөр бүр хичээлдээ явсан байдаг. Бага насны хүүхдийг Т.Чимгээ өөрөө л зөөж таарна шүү дээ. Хоёрт, эмээ нь хэвтэрт байсан талаар тэндхийн эмнэлгээс тодорхойлолт авсан. Эдгээр нь бүгд хуулийн дагуу тамга тэмдэгтэй, архивын баримтууд.
Ингээд 20 орчим хуудас баримт цуглуулаад анхан шатны шүүх хуралд очиход бүх баримтыг маань хурааж аваад, хуультайгаа л ор гэдэг юм. Би анхан шатны шүүх хуралд орж байгаа учраас нотлох баримтаа өгөхгүй бол болохгүй, шинэ нотлох баримт гэж хэлсэн боловч хурааж авах гэж маргаан үүссэн. Түүнээс болж миний даралт ихсээд түргэн дуудагддаг шүү дээ. Ингээд анхны шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд болж, үүнээс 03 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Бид үүнийг эсэргүүцэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандахад, 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр бидний давж заалдах гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бодитой гэж үзсэн.
-Анхан шатны шүүхээс Т.Чимгээд 25 жилийн оноочихсон байдаг...?
-Тийм, 25 жилийн ял. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан 2017 оны наймдугаар 4-нд ороод тогтоол гарсан. Тогтоолд “Т.Чимгээг шунахайн сэдэлтэйгээр бусдын захиалгаар Б.Содномдаржаа, Б.Отгонбаатар, насанд хүрээгүй Амгаланбаатар нартай бүлэглэж УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэрт нь олон удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар урьдчилан төлөвлөж санаатай алсан үйлдэл нь тогтоогдсон” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 дүгээр зүйлд зааснаар 20 жилийн хугацаатайгаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдсэн.
-С.Зоригийг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг уншсан цөөн хүний нэг бол та. Хуульчийн хувьд хавтаст хэргийг уншихад юу харагдаж байв?
- 61 хавтаст хэрэг байсан. Би 46 хоног уншсан. Өмгөөлөгч би битгий хэл хохирогчийн тал С.Зоригийн дүү С.Оюун хэргийг уншаад “Ийм хэргээр хүнийг яллана гэж байхгүй. Энэ хүмүүс хэрэг үйлдсэн гэж итгэл үнэмшил төрөхгүй байна” гээд хуралд орохоос татгалзсан байдаг.
Би 61 хавтаст хэргийг яагаад 46 хоног сууж уншсан бэ гэхээр биднийг Тагнуулын ерөнхий газар руу юу ч үгүй оруулаад л гаргадаг. Тэндээс дэвтрээ авч юм бичээд л хураалгаад гарна. Юмнуудаа бичиж тэмдэглэж авахгүй бол болохгүй учраас нэг бүрчлэн үзэх хэрэгтэй. Хавтаст хэрэг уншиж суухад буутай хүн хажууд суучихна. 30 минут тутамд солигдоно. Хажууд буу барьчихсан, битүү масктай хүн хараад суучихаар маш дарамттай. Би 1978 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөнөөс хойш тийм аймаар дарамттай, түгшүүртэйгээр хэрэг уншиж байсан удаагүй.
Хавтаст хэрэгт Т.Чимгээг буруутгах нотлох баримт байдаггүй. Яах аргагүй хурууны хээ нь илэрчихсэн юм байна, гэрээс нь эд зүйл нь олдсон байна, аман зураг нь таарч байна гэх юмгүй. Хэргийн газраас 19 ширхэг үс олдсон. Тэрний нэг хэсэг нь амьтных, нэг хэсэг талийгаачийн үс, Булганы үс зэрэг байдаг. Т.Чимгээгийн үс байдаггүй. Түүгээр зогсохгүй хурууны хээ, гутлын хээ нь ч таараагүй. Уг нь мөрдөн шалгах ажиллагааг мундаг л хийсэн. Жишээ нь, Д.Амгаланбаатар “Би морины зурагтай марк толин дээр нь наачихсан” гэж хэлэхэд л түүний мөрөөр гурван сар мөрдсөн байх жишээтэй. Ер нь Амгаланбаатарын ярьсан, харсан, үзсэн, тэр тэгсэн, энэ ингэсэн гэдэг хүмүүсийн 90 хувь нь нас барчихсан байдаг. Байгаа хүмүүс нь ч таардаггүй. Д.Амгаланбаатар н.Энхтуяа гээд хүний нөхөртэй “Бид хоёр цуг архи ууж байхад тэр нөхөр С.Зоригийг алсан гэж хашхирч байсан” гэж ярьдаг. Энхтуяа нь “Манай нөхөр хэзээ ч Амгаланбаатартай архи ууж байгаагүй” гэхэд л хоёр хоногийн дараа Амгаланбаатарыг шоронгоос гав дөнгөтэй нь аваачаад нүүрлэдүүлдэг. Айж сандарсан эмэгтэй “Нээрээ тийм юм байна. Би мартчихсан байна” гэх маягаар мэдүүлэг авагдсан байдаг юм.
-Олон нийтэд ил болсон баримтуудад ч Д.Амгаланбаатарын мэдүүлгээр нэлээд өргөн ажиллагаа хийгдсэн юм уу гэж харагддаг. Ер нь ийм хүний үгээр мөрдлөг хийх нь хэр үр дагавартай юм бол?
-Д.Амгаланбаатар, н.Марууш гэж “Хан хараацай” зочид буудалд үйлчлэгч хийж байсан гэсэн хоёр хүний мэдүүлэг Т.Чимгээг яллах дүгнэлтийн гол үндэслэл болоод байсан. Гэтэл шүүх хуралдаанд н.Маруушийг оруулж ирээд Т.Чимгээтэй нүүрэлдүүлэхээр “Энэ хүн өндөр биш байна. Хацар нь улаан биш байна. Сэвх нь таарахгүй байна. Энэ хүн миний харсан хүн биш” гээд өмнө нь өгсөн мэдүүлгээ үгүйсгэдэг.
-Д.Амгаланбаатар юу гэх юм?
-Шүүх хурал дээр би гурван ч удаа асуусан. “Д.Амгаланбаатар аа, чиний яриад байгаа зүйлс яагаад бодит байдалтай нийцдэггүй юм бэ. Чиний харсан үзсэн гэсэн гэрчүүд ихэнх нь нас барчихсан байна” гэхээр хариуд нь “Өмгөөлөгч өө, би муу хүн л дээ. Би олон жилийн хорих ял авсан хүн. Би нар салхинд явмаар байна. Цаг хугацаа хожмоор байна шүү дээ” гээд шүүх хуралдааны танхимд хэлдэг.
1980-аад оны дундуур гарсан Дугархорлоогийн хэрэг гэж сонссон байх. Нас барсан хүнийг Улсын ерөнхий прокурорын орлогч Отгонбаяр яллаад хүмүүсийг хилсдүүлсэн хэрэг. Б.Чимэд багш маань “Ийм нотлогдоогүй хэрэг яллахгүй” гэж маргалдаад Шүүх яамны сайдын суудлаасаа бууж байсан гэнэ лээ. Багшийг маань хүртэл хэлмэгдүүлж байсан. Тэгвэл Т.Чимгээд холбогдох энэ хэрэг бол Монгол Улсын хувьд хүнийг амьдралаар нь сүйрүүлж, харгис хэрцгий эрүүдэн шүүсэн хоёр дахь хэрэг гэж би хэлнэ.
-Эрүү шүүлтийн хэрэг мандсан. Тагнуулын газрын дарга Б.Хурц, орлогч прокурор Г.Эрдэнэбат нар энэ хэргийг арай өөрөөр тайлбарладаг. Та эрүү шүүлтийн талаарх баримтуудаас ярьж болох уу?
-Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 180 дугаар зүйлд хэрэг гарсан газарт л хүнийг шалгах ёстой гэж заасан. С.Зоригийг хөнөөсөн газар бол 40 мянгат. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот. Тэгэхээр хэргийг Улаанбаатар хотод шалгахгүйгээр Төв аймгийн Цагдан хорих байранд Т.Чимгээг аваачаад подвальд хорьж байгаа нь эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр. Мөн тэр хүн эргэлт уулзалт авах ёстой. Гэр бүлийн хүмүүсийг огт уулзуулаагүй, эргэлт авах эрхийг олгоогүй. Эмэгтэй хүний наад захын хэрэгцээтэй хэрэгсэл нэг ч өгөхгүй, хэцүү байдалд хорьж байсан нь эрүү шүүлт. Мөн сэтгэл санааны дарамт маш их. Чимгээгийн өрөөний үүдэнд эмэгтэй хүн хэдэн цагаар мэгшиж уйлдаг. Хүүхэд уйлуулдаг. Ингэж сэтгэл зүйн дарамт үзүүлж байсан. Т.Чимгээ энэ тухай “Өмгөөлөгч өө, үнэхээр хэцүү байна. Эмэгтэй хүн, хүүхэд хэдэн цагаар уйлахыг сонсох тэсэхийн аргагүй байна” гэж байлаа.
Түүнээс гадна нэг хэргийн холбогдогчид хоорондоо уулзах ёсгүй. Гэтэл өрөөнд нь Д.Амгаланбаатарыг оруулдаг шүү дээ. Та бүхэн ил болсон бичлэгээс харсан байх. Д.Амгаланбаатар Т.Чимгээг “П... минь, маргааш байцаагч ирэхээр чи хэргээ хүлээхгүй бол ална шүү” гэдэг. Нээрээ л маргааш нь мөрдөн байцаагч нь ирдэг. Т.Чимгээг болсон явдлыг хэлэхээр “Та сүүдэр хараа биз” гэсэн. Өрөөнд нь Д.Амгаланбаатарын татаж хаясан тамхины ишийг гарсан хойгуур нь авчихдаг жишээтэй. Дээр нь эмэгтэй хүнийг 24 цагийн хугацаагаар камераар хянасан. Өмгөөлөгчтэй уулзсан бүх яриаг хянасан.
Хамгийн харамсалтай нь Т.Чимгээ хоригдож байхад охин нь нас барсан. 29 настай, ээжийнхээ төлөө явдаг ганц охин нь. Оршуулдаг өдөр нь Бархасбадь над руу яриад “Одоо байцаалт авмаар байна” гэж байгаа юм. Охиныг нь оршуулж байгаа нь хамаагүй, төрийн ажил цаг нартай гэж зандарч байсан. Би “Бие муу байна” гэж хэлж байж хойшлуулсан. Маргааш нь байцаалтанд оруулаад Бархасбадь Т.Чимгээг “Нүгэл чинь нүдээрээ гарч байна, харав уу” гээд тавласан байгаа юм. Тагнуулын Бямбажав байцаагч дээр байцаалт өгч байхад Т.Чимгээ “Та нар намайг охинтой минь салах ёс хийлгэчихгүй яав даа” гэхэд “Одоо очих юм уу, овоолоотой шороог нь харах юм уу, чи” гэж даапаалсан байдаг. Ийм л процессууд болсон.
-За ямартай ч үйлчлүүлэгчийн тань хэрэг хэрэгсэхгүй боллоо. Нийгэм олон янзаар хүлээж авч байна. Та өмгөөлөгчийн хувьд юу хэлэх вэ?
-Улсын ерөнхий прокурорын газар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянах хүсэлт гаргасан. Тэндээс Улсын дээд шүүхэд хүсэлт өгөөд албан тоот илгээж хурал болсон байдаг.
Энэ үед эрүүдэн шүүсэн хэрэг мандан, Амгаланбаатар хуулийн олон газар руу “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр гүтгэсэндээ харамсч байна” гэдэг хүсэлтийг явуулсан байсан. Д.Амгаланбаатар энэ тухай ”Б.Содномдаржаатай нэг газарт хоригдож байхад жаахан олон хүүхэд нь ирж уулзаад аав, аав аа гээд байхаар хэцүү юм. Надад 500 сая төгрөг өгнө, гадаадад гаргана гэж ятгасан учраас би тэр хүмүүсийг гүтгэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Энэ хэрэг хэрэгсэхгүй болж, хэргийн үнэн зөв олдоход Ц.Нямдорж сайдын үүрэг маш их. Тэр хүн байгаагүй бол бид мянга яриад гурван шатны шийдвэр хүчин төгөлдөр болчихсон байхад юу ч хийж чадахгүй байсан.
-Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас прокурорт таван удаа хэрэгсэхгүй болгох санал хүргүүлсэн гэдэг нь анхаарал татаад байгаа л даа?
-Мөрдөгч нар энэ хэргийн нотлох баримт хангалттай бүрдэхгүй байна гэж байсан. Эрүүдэн шүүж хүмүүсээс мэдүүлэг авсан. Энэ хүмүүсийн гэм буруутай гэдгийг тогтоох хангалттай нотлох баримт байхгүй байна гэдгээр л явуулж байсан. Ер нь ЭХХШТ-ийн 1.7 дугаар зүйлийн 2-т нотлох баримтыг эргэлзээгүй тогтооно гэдэг. Хэрэв нотлох баримт эргэлзээтэй бол хүнийг яллаж болохгүй. Эргэлзээ бүхий нотлох баримтаар яллачихсан. Тиймээс эцэстээ энэ хэргийг прокурорын байгууллага бодитой шийдлээ гэж үзэж байна.
-Т.Чимгээ шүүхийн шийдвэрийг сонсоод юу гэх юм бэ?
-“Та надад анх хэлж байсан. Тэвчээрэй, тэсээрэй, амьд явбал учир нь олдоно гэж байсан. Үнэн юм байна. Төр түмэн гэж байдаг юм байна. Шударга сайн хуульчид байдаг юм байна, баярлаад хэлэх үг алга” л гэж байсан.
-Хохирол нэхэмжлэх боломжтой гэв үү?
-Хохирол нэхэмжлэлгүй яахав. Нотлох баримтаа бүрдүүлж байгаад Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаад явна даа.
-Д.Булгантай та уулзаж байв уу?
-Д.Булган хэлдэг. “Энэ хэргийг үнэн бодитой шийдээсэй. Ямар нэгэн гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлж байгаад харамсч байна. Манайд хүүхэд орж ирээгүй. Тэр үед Д.Амгаланбаатар 16 настай байсан. Гурав дөрвүүлээ орж ирсэн гээд яриад байгаа. Манайд эрэгтэй, эмэгтэй хоёр л хүн орж ирсэн. Эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр. Д.Амгаланбаатар худлаа ярьж байна. Би эмч хүн. Энэ хүний сэтгэхүйг шалгуулмаар байна” гэдэг хүсэлт гаргаж байсан. Эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр байсан гэхээр 180 см өндөртэй Б.Содномдаржаагаас 160 см хүрэхгүй Т.Чимгээ яаж өндөр байхав дээ.
-Энэ хэргийн материалыг нууцаас гаргасан гэж байгаа. Гэхдээ бүгд биш. Ямар хэсэг нь нууцад хэвээр байгаа юм бэ?
-Бүгд нууцаас гарчихсан гэдэг шүү дээ. Бүхэлд нь гаргалаа гэдэг шийдвэр гарсан.
-С.Зоригийг хөнөөсөн хамтрагч Б.Отгонбаатар гэр бүлээрээ галд өртсөн гэдэг. Энэ хэргийн тухайд Т.Чимгээ юу гэдэг вэ?
-Манай үйлчлүүлэгч оролцоогүй ганц хэрэг бол энэ хэрэг. Сонин нь хэргийн материалыг уншиж байхад гал нь цахилгааны холболтоос болж гарсан гэдэг шинжээчийн дүгнэлт байдаг. Гэтэл хуулийнхан Б.Содномдаржаа, Д.Амгаланбаатар хоёр шатаасан болгож яллах дүгнэлт үйлдээд шүүх хуралд орсон. Онцгой байдлын газрын галын шинжээчид ч оролцсон. Д.Амгаланбаатар хэлэхдээ “Би ороод баллонтай бензинийг үүдэнд нь цацаад гал тавьсан” гэдэг. Гэтэл шинжээчид бол “Битүү орчинд гал тавьсан бол энэ хүн өөрөө шатах байсан. Энэ бол худлаа. Гал цахилгаанаас болсон” гэдэг. Б.Отгонбаатарын эгч нь ч үүнийг хүлээн зөвшөөрдөг.
-Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болсноор С.Зоригийг хөнөөсөн хэрэг задарч байна. Энэ хэрэг хэзээ илрэх бол гэсэн хүлээлт дахиад л үүслээ?
-С.Зоригийн ах дүү нарын ярьдгаар “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг”гэдэг юм билээ. Гэтэл захиалагч нь тодорхой болоогүй байхад миний үйлчлүүлэгчийг захиалгаар хэрэг үйлдсэн гэж ялласан. Ер нь ядарсан, араас нь гүйх ах дүү муутай, бэл бэлчингүй, хөдөөний хүмүүст хэргийг үүрүүлж даръя гэсэн санаа байжээ л гэж хуульч хүний хувьд эцэст нь харж байна даа.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Б.Энхзаяа