Засгийн газраас нийслэлд шинээр байгуулж буй зургаан дэд төвд түшиглээд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэд төрийн үйлчилгээг эдгээр төвөөс авдаг байх, дэд төвүүдийн цэвэр, бохир усны шугам, авто зам, гүүр зэрэг дэд бүтцэд суурилж гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцжуулах зорилтыг тусгасан “Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо. “Боомтын сэргэлт”-ийг Засгийн газраас хэрэгжүүлж өнгөрсөн нэг, хоёр жилийн хугацаанд үр дүн гаргаж чадсан. Үүн шиг гэр хорооллыг хөгжүүлэх, богино хугацаанд бодит үр дүн гаргах боломжтой. Ингэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалтаас эхлээд анхан шатны нэгжид ажиллаж байгаа хүний нөөц, орон тоо,цалин хөлсний судалгаа зэргийг нарийвчилж гаргах шаардлагатай. Үүнд үндэслээд асуудал бүрийн шийдлийг тал талаас нь төлөвлөх байдлаар бодит үр дүн гаргах нь чухал гэлээ.
“Өглөөний уулзалт”-ын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ” шинэ дэд төвийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцав. “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Улаанбаатар хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хоёр хотын төвтэй байхаар төлөвлөжээ. Үүний нэг нь нийслэлийн гэр хорооллын хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой “Сэлбэ” төв аж. Сүхбаатар дүүргийн 13, 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нутагт 156 га газарт байгуулсан байна. Одоогоор “Сэлбэ” дэд төвийн хүрээнд 6.8 км авто зам, гурван гүүр, цэвэр, бохир усны шугам, 29 аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, орон сууц зэрэг нийгмийн барилга, байгууламжийг төвлөрсөн дулаанд холбоод байгаа аж. “Сэлбэ” дэд төвийн дулааны станцыг 2021 онд ашиглалтад оруулсан байна.