УИХ-ын пүрэв гарагийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр "Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлдэгчийн 2.3 их наяд төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгосон 2,542 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөг, Засгийн газарт шилжүүлсэн 355 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөг, тус банкны охин компаниудаар дамжуулан 35 зээлдэгчийн 161.6 тэрбум төгрөгийн хамаарал болон зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгасан. Ингэхдээ гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нээлттэйгээр шууд дамжуулан хүргэсэн" гэж ярилаа.
12 өдрийн турш үргэлжилсэн сонсголд нийт 672 хүнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн сонсголд биечлэн оролцжээ.
Ажлын хэсгээс дараах дүгнэлтийг гаргажээ.
- ХБ-наас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн 18.3 хувь зориулалтын дагуу зарцуулсан бол 74.2 зориулалт нь бүрэн бус байгаа бол, 7.4 хувь нь бүрэн бусаар ашигласан, 0.3 хувийг нь нягтлах боломжгүй байна.
- Нийт 3,000 гаруй зээлдэгчийн идэвхтэй, идэвхгүй хувьцаа эзэмшигч, өмнөх ба одоогийн гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгч дээр бүртгэлтэй хуулийн этгээдийг улс төрийн хамаарал бүхий хүрээлэлтэй тулгахад 125 хуулийн этгээд, найман иргэн улс төрийн хамааралтай байна. Улс төрийн хамааралтай этгээд нь ХБ-наас 1.5 их наяд төгрөгийн дүн бүхий зээл авсан нь нийт зээлийн 20 хувийг эзэлж байна.
- Хуулийн зорилттой нийцсэн төсөл 33 хувь, бүрэн буц нийцэлтэй төсөл 49.5 хувь, нийцээгүй төсөл 17.5 хувь эзэлж байна.
- Түр хороо байгуулагдсанаас хойш зээлдэгчид эргэн төлөлтөө идэвхжүүлсэн бөгөөд нэг жилийн хугацаанд 1.8 их наяд төлөгджээ.
- Хөгжлийн Банканд 2011 оноос хойш ажиллаж байсан удирдлагын баг нь мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүйгээс тухайн үеийн ханшаар 120 гаруй тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн зардал үүсгэж,банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна.