В.Нуланд: Монголд дахин ирж, хийсэн өөрчлөлтүүд болон соёлын өвөө хадгалсаар буйг нь харахад таатай байна

оруулсан Алсын Хараа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд манай улсад өчигдөр иржээ.

Тэрбээр АНУ-аас Монгол Улсад хавсран суугаа анхны Элчин сайд манай улсад 1988 онд Итгэмжлэх Жуух Бичгээ барих үед ирж байсан бөгөөд Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ыг нээхэд гар бие оролцож байсан юм.

Энэ талаараа дурсаж хатагтай В.Нуланд "Монгол Улсад дахин ирэх сайхан байна. 1988 онд ЭСЯ-ыг байгуулж байсан тэр цагаас хойш монголчуудын хийсэн өөрчлөлтүүд болон соёлын өв, баялаг зан заншлаа хадгалсаар байгааг нь харахад таатай байна" хэмээн твиттер хаягтаа бичжээ.

Түүнийг өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлоод, цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч В.Нуланд АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон авлигатай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг чухалчилж байгаагаа илэрхийлсэн хэмээн Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Тэрбээр өчигдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр талын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Мөн Үндэсний Төв номын санд зочилжээ. Тэрбээр өнөөдөр эх орон руугаа буцсан тухай албаны эх сурвалж мэдээлэв.

Image

Сэтгэгдэл бичих