Нийслэлийн Захиргааны удирдлагын шинэ цогцолбор байранд “Шинэ сэргэлт-Улаанбаатар-2023” эдийн засаг, хамтын ажиллагааны форум эхэллээ. Чуулга уулзалтыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч, “Премиум" группийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг нар нээж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” гэсэн үндсэн илтгэлийг тавьж байна.
Форумд дотоодын томоохон компани, ААН-үүдийн төлөөлөл, Дэлхийн банк, АХБ зэрэг Монгол Улсад суугаа олон улсын байгууллагууд, гадаадын орнуудын ЭСЯ, АНУ-ын Худалдааны танхим, БНХАУ-ын хотуудаас ирсэн бизнес эрхлэгч нар, мөн ОХУ, Унгар зэрэг гадаад орнуудын 100 гаруй зочин төлөөлөгч оролцож байна.
Нийслэлээс “Эмээлт” эко аж үйлдвэр-технологийн паркийг Улаанбаатарын дагуул хотын түвшинд хөгжүүлэхийг зорьж байна.
“Шинэ сэргэлт-Улаанбаатар хотын эдийн засаг, хамтын ажиллагааны форум”-аар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, түгжрэл, дагуул хот, Аж үйлдвэр-технологийн парк, цэвэрлэх байгууламж, хотын төсөв зэрэг олон төслийг танилцуулж, олон асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- “Сэлбэ” дэд төсөл,
- Унадаг дугуй болон скүүтерийн төсөл,
- Налайхын барилгын материалын үйлдвэрлэл-технологийн парк,
- “Хотын зүүн бүсийн тээвэр ложистикийн нэгдсэн төв” төсөл,
- Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй орон сууцжуулах төсөл хөтөлбөр зэрэг орж байна.
Мөн Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн Залуучуудын спорт наадмын үйл ажиллагаа, бэлтгэл ажлыг танилцуулах юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийг хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэнгийн мэдээлж буйгаар, нийслэлийн нийтийн тээвэрт хэрэгжүүлэх дүүжин тээврийн бүтээн байгуулалт гэрээний түвшинд байгаа бол хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ-г батлахад бэлэн болоод байна.
Эдгээрийг өнөөдрийн форумаар иргэдэд нээлттэй танилцуулж санал авахаас гадна дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарт мөн сонордуулна гэдгийг мэдээллээ. Энэ мэтчилэн нийслэл хоттой холбоотой томоохон төслүүдийг нээлттэй танилцуулснаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна хэмээн үзэж байна.
Форумыг онлайнаар дамжуулж байна.