Ардчилсан Монгол Улс Орос, Хятадтай нягт харилцаатай байдгийн учир

оруулсан Алсын Хараа

/The Diplomat/. Монгол Улс нь хөрш хоёр оронтойгоо найрсаг харилцаагаа хадгалахаас өөр хувилбаргүй хэдий ч энэ нь ардчиллын төлөөх амлалт, “гуравдагч хөршийн бодлогоосоо” ухарна гэсэн үг биш юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын сүүлчээр Москвад төрийн айлчлал хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан нь дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг Зүүн Хойд Ази руу чиглүүлсэн билээ. Орос-Украины дайн сунжирч, АНУ, Хятад хоорондын эдийн засгийн зөрчил хурцдаад байгаа энэ үед Монгол Улсын Бээжин, Москватай ойр байршил нь тус улсын хувьд  санаа зовоосон асуудал болоод байна.

Геополитикийн ийм төвөгтэй байдлыг үл харгалзан Монгол Улс нь “гуравдагч хөрш орнуудтайгаа” харилцаагаа идэвхтэй хөгжүүлэхийн сацуу хөршүүдтэйгээ бат бөх харилцаагаа хадгалах бодлогоо баримталсан хэвээр байна.

Путин, Ши Жиньпин нарын уулзалтын үеэр Зүүн Хойд Ази дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон нь Өрнөдийн эсрэг гэж үздэг авторитар дэглэм нь улам бэхжиж буй хоёр гүрний дунд хавчуулагдсан ардчилсан ганц улс болох Монголын геополитикийн байршлын ач холбогдол өсөн нэмэгдэж буйг тодотгосон явдал болов.

Харин Монгол Улсын хувьд хөрш орнуудынх нь удирдагчдын уулзалт тийм ч гойд сонин байсангүй. Үнэн хэрэгтээ тус улс  өндөр дээд түвшний энэ уулзалтаас гурван талын дипломат болон эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлж байлаа. Тухайлбал, Ши, Путин нарын уулзалтын үеэр Орос-Монгол-Хятадын гурван талын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойг тавих асуудлыг хэлэлцсэн нь тус улсын хувьд ихээхэн чухал сэдэв байв.

Монгол Улс хоёр хөршийнхөө транзит түнш болно гэж найдаж буй. Тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ В.Путин, Ши Жиньпин нарын уулзалтын өмнө “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал алхамуудын талаар дурдаж байсан юм. Тэрбээр “Орос, Хятад хоёр төслийн зардлыг тохиролцсоны дараа газар нутгийнхаа аль хэсгээр хийн хоолойг тавих асуудлыг шийднэ” гэж мэдэгдсэн.

Ийм өндөр түвшний уулзалтаас Монгол Улс эдийн засгийн үр өгөөж хүлээж байснаас гадна, Ши Жиньпин Путинийг Украины дайныг тайван замаар шийдэх гарц эрэлхийлэхийг ятгаж чадна гэж найдаж байв. Одоогоор Бээжингийн хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс дарамт шахалтыг мэдэрч байж магадгүй юм.

Хэдийгээр геополитикийн одоогийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгаа боловч Хятад, Монгол, Оросын гурван талын харилцаа нь хүнд цаг үеийг даван туулах бат суурьтай хэвээр байна. Энэхүү түүхэн улбаатай гурван талын механизм нь өдгөө ч өндөр ач холбогдлоо хадгалсаар байгаа юм.

Бээжин, Москватай хийж буй Улаанбаатарын гурван талын харилцаа нь гурван улсын эдийн засаг, тэр дундаа эрчим хүчний салбарын холбоо хамаарлаас үүдэлтэй. Байгалийн баялаг арвинтай Монгол Улсын хувьд Хятад нь эдийн засгийн чухал түнш юм. Нөгөө талд Москва бол эрчим хүчний орлуулшгүй ханган нийлүүлэгч билээ. Энэ бүхнээс харахад Монгол Улсын хувьд Орос, Хятадтай эдийн засгийн харилцаагаа эн тэргүүнд үргэлжлүүлэн тавихын сацуу ардчиллын үнэт зүйлсээ хэвээр хадгалж үлдэх нь чухал.

Бээжин, Москвагийн засаглал улам бүр авторитар болж байгаа ч Монгол Улс ардчиллын үнэт зүйл, зарчмаа тууштай баримталсаар байна.

Бертельсманы шилжилтийн индексээр (BTI) Монгол Улс “ардчиллын төлөөх улс төрийн шилжилтийн үзүүлэлтээр 10 онооноос 7.25 оноо авч, 137 орноос 26 дугаарт жагссан нь дэлхийн дунджаас (5.4 оноо) хавьгүй дээгүүр үзүүлэлт юм. Энэ үзүүлэлтээр тус улс нь BTI -ийн тодорхойлсноор “ЗХУ задран унасны дараах Евразийн бүс нутагтаа” тэрүүлж байна. Энэ бүс нутагт Кавказ, Төв Азийн орнууд багтдаг.

ОХУ-ын хувьд 4.40 оноогоор “дунд зэргийн авторитар” ангилалд орж байгаа бол Хятад улс 3.23 оноо авч, “хатуу чанга авторитар дэглэмтэй" орнуудын тоонд багтжээ. Монголын засаглал ардчиллаа улам бэхжүүлэх шаардлагатай байгаа хэдий ч хоёр хөршийнхөө замыг дагахгүй байгаа нь сайшаалтай.

Орос, Хятадтай өрнүүлж буй Монголын хоёр талын харилцаа нь Ши, Путин нарын урт хугацааны засаглалаас ч өмнө оршсоор ирсэн билээ. Монгол Улсын гадаад бодлого нь Бээжин, Москвагийн аль алинтай эдийн засаг, дипломат харилцаагаа бэхжүүлэхэд, түүнчлэн Монголын ардчиллын үзэл санаа, зарчмуудыг тууштай баримтлахад чиглэгддэг.

Цаашилбал, нэг талаар Монгол-Оросын харилцаа нөгөө талаар Монгол-Хятадын харилцаа хоорондоо эрс ялгаатай. Гэсэн хэдий ч гадаад бодлогын уян хатан байдал, эдийн засгийн чадавхаа дээд зэрэгт хүргэхэд ОХУ, БНХАУ-тай хийж буй Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэл нь эн тэргүүний чухал ач холбогдолтой юм. Эдгээр харилцаа нь түүхийн хэлхээ, хүн хоорондын болоод соёлын харилцаа, хоёр талын харилцааг бат бөх болгодог бусад хүчин зүйлсээр улам бэхждэг.

Орос-Украины дайн болж байгаа энэ үед Монгол Улс нь бүс нутгийн төдийгүй дэлхийн нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэх энхийн яриа хэлэлцээг дэмжих бодлогоо үргэлжлүүлэн баримтална.

Хятад, Оросын харилцаа нь Монголын эдийн засагт юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй боловч аливаа улс орнуудтай энхтайвнаар зэрэгцэн оршиж, олон талын хамтын ажиллагаа өрнүүлэх нь түүнээс дутахгүй ач холбогдолтой.

Монголын геополитикийн хязгаарлагдмал байдлыг харгалзан зарим шинжээч Монголын гуравдагч хөршийн гадаад бодлогыг дутуу үнэлэх нь бий. Гэвч энэ ойлголт нь хүйтэн дайны үед Орос, Хятадын тойрогт хамааруулж байсан Монгол Улсын талаарх хуучин хандлагаас өөрцгүй бөгөөд өнөөгийн Монгол Улсын бие даасан гадаад бодлогыг үл анзаарсан хэрэг юм. Ийм явцуу өнцгөөр харвал Монгол Улсын бие даасан гадаад бодлогын хүч, боломж, ач холбогдлыг бодитоор үнэлж дүгнэх боломжгүй юм хэмээн Монгол, Орос, Хятад, Япон, Зүүн Ази, Америк судлалаар мэргэшсэн судлаач Л.Болор бичсэн байна. 

Эх сурвалж: https://thediplomat.com/2023/04/explaining-democratic-mongolias-strong-ties-with-russia-and-china/?fbclid=IwAR28LX6HgcHUXbnTaE11QIhQIsZanR2SHisd0I4uSRqPdy8fmAU-uXf1CWQ

Сэтгэгдэл бичих