Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Төв банкуудын мөнгөний хатуу бодлогын нөлөө глобал эдийн засагт ч хүчтэй илэрч буй. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүллээ. Энэ бүхэн Монгол Улсын эдийн засагт хэр нөлөөлөх бол?
-Бид дэлхийн эдийн засгаас хамааралтайгаа нэлээн дээр мэдсэн. Монгол Улсын эдийн засаг дэлхийн эдийн засагтай уул уурхайн салбараар дамжиж, хүчтэй хамааралтай байдаг. Бид нийт экспортынхоо 90 орчим хувьд уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог. Уул уурхайн бүтээгдэхүүн өөрөө дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн гол бүсүүдийн өсөлттэй нэлээн нягт холбоотой. Тэр агуулгаар Монгол Улсын эдийн засаг дэлхийн эдийн засагтай холбогддог. 2023 оны дэлхийн эдийн засгийг ерөнхийдөө тийм ч өөдрөг бусаар харж байх шиг байна. Дөнгөж сая Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн хүлээлтээ бага зэрэг бууруулж, 2.8 хувиар өснө гэж үзэж байх шиг байна. Өмнө нь 3 орчим хувьтай, 0.1 нэгжээр бууруулна гэж тооцож байсан. Дэлхийн эдийн засагт инфляцийн дарамт, нийлүүлэлтээс бий болсон үнийн өсөлтийн асуудал хурцаар тавигдаж, үүний эсрэг төв банкууд мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлсээр байна. Таны дурдсан Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогынхоо хүүг нэлээд өндөр 5 хувь орчимд аваачлаа. Энэ нь долларын эрэлт, хүү, зардал нэмэгдэх агуулгаараа нэлээд сөрөг үр дагавартай байна.
-Гэхдээ дэлхийн эдийн засагт бидэнд нөлөөлөх харьцангуй эерэг зүйлс бий болов уу?
-Тийм ээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн түвшин харьцангуй өндөр байна. Ялангуяа зэс, нүүрсний үнэ дээр оны төгсгөл хавьд бага зэргийн бууралт ажиглагдсан. Дээрээс нь дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулахаар боловч бидний эдийн засгийн худалдааны гол түнш БНХУ-ын эдийн засгийн өсөлтийг нэлээн өндөр хувиар өсгөж таамаглаж байна. Энэ хугацаанд “Тэг ковид” бодлогоосоо БНХАУ татгалзсантай холбоотойгоор тус улсын эдийн засаг 5 хувиар давж өсөх хүлээлттэй байна. Энэ утгаар нь харвал, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал таатай бус байгаа боловч бид өөрсдийн зүгээс хүчин чармайлтаа бүрэн гаргаж чадвал БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөлөл нь саармагжих, бага байх бололцоо байна.
Энэтхэг улсын эдийн засгийг өмнө таамаглаж байснаас харьцангуй өндрөөр үнэлж байна. Одоогоор дэлхийн эдийн засагт хөгжиж буй орнуудад эдийн засгийн тэлэлт хурдтай явж байгаа хоёр том улс бол БНХАУ, Энэтхэг улс гарцаагүй мөн. Нөгөөтэйгүүр, Европ бүс, АНУ-ын эдийн засгийн түвшин харьцангуй бууруулсан таамаглал бий. Тийм учраас ерөнхийд нь дүгнэвэл, Орос-Украины дайнтай холбоотой хурцадмал байдлын улмаас үүсэх эрсдэлийг эс тооцвол Монгол Улсын хувьд тааламжгүй, тийм хүчтэй сөрөг нөлөөлөл 2023 онд байхгүй юм уу даа гэж би хувьдаа бодож байна.
-Монголбанк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2023 онд 4.0 хувьтай байхаар тоцоолсон. Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.4 хувь хүрч, 2024 онд хурдсах хүлээлттэй байгаа талаар мэдээлсэн. Таны хувьд Монголын эдийн засгийн өсөлтийн талаар ямар төсөөлөлтэй байна вэ?
-Монголбанкны таамаг саяхандаа шинэчлэгдээгүй таамаг байгаа болов уу. Миний хувьд эдийн засгийн өсөлтийг 2022 оны эдийн засгийн суурь дээрээсээ эдийн засгийн идэвхжил харьцангуй хурдассан жил байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ялангуяа оны эхний улирлын эдийн засгийн гүйцэтгэлийг харвал бидний хувьд харьцангуй нааштай нөлөөллүүд байна. Хөдөө аж ахуйн салбар, үйлчилгээний салбарууд 2022 оны төгсгөл, 2023 оны эхэнд харьцангуй сайн байна. Гадаад худалдааны салбарт, уул уурхайн салбарын гүйцэтгэл харьцангуй өндөр байна. Эдийн засгийн өсөлт гэдэг зүйлд Монгол Улсад үндсэн хамаараад байгаа суурь салбар болох уул уурхай, худалдаа үйлчилгээний салбар байна. Дээрээс нь хөдөө аж ахуй тодорхой жин дардаг. Энэ гурван салбар дээр нэлээн эерэг нөхцөл байдал ажиглагдаж байна. Нэг сөрөг зүйл байгаа нь, гуравдугаар сарын эдийн засгийн тоон мэдээгээр хөдөө аж ахуйн салбар, ялангуяа мал аж ахуйн хувьд мал төллөлтийн байдал өмнөх жилүүдээс харьцангуй хүчтэй буурсан байдалтай байна. Гэхдээ дөрөвдүгээр сарын байдлаар өмнөх оныхтой харьцуулахад хэрхэн өөрчлөгдөх нь харагдах байх. Тиймээс эдийн засгийн өсөлтийг 5-аас дээш хувьтай байна гэсэн таамаглалтай хувьдаа санал нэг байна. Энэ жил уул уурхайн бүтээгдэхүүний гарц нэлээн боломжийн байх шинжтэй. Оны эхний гурван сард бид 10 гаруй сая тонн нүүрс экспортоллоо. Бид олон зүйлийг хийх шаардлагатай боловч харамсалтай нь богино хугацаанд бидний эдийн засагт тулгуур болж, бидний хүлээлтийг тодорхойлдог үндсэн хүчин зүйл нь уул уурхайн салбар мөн. Уул уурхайн салбар дотроо нүүрсний экспорт бидний эдийн засгийн нөхцөл байдлыг ихээхэн тодорхойлж байна. Өмнөх оны эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан нь ч үүнтэй шууд хамааралтай.
"МОНГОЛ УЛСАД АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ ХЭТ НҮҮРЛЭСЭН НЬ ГАДААД ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БИДНИЙГ ҮНЭХЭЭР СӨРӨГ ХАРАГДУУЛЖ БАЙНА"
-Инфляци 2022 онд өнгөрсөн 14 жлийн хамгийн өндөр түвшинд хүрч өссөн. Монголбанк инфляцийг 2023-2024 онд жилийн 6 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж буй. Бодит нөхцөл байдалд зорилтдоо хүрэх боломж бий болов уу?
-Инфляци 2021 оны төгсгөлөөс эхлээд бараг 14, 15 сар хоёр орон тоотой явчихлаа. Энэ бол маш харамсалтай үзүүлэлт мөн. Энэ нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, үүнд импорт, валютын ханш нөлөөлж байна. Цар тахлын үед импорт, тээврийн салбарын удаашралт, тээврийн салбарын үнийн өсөлттэй холбоотойгоор нөлөөлсөн. Үүний нөгөө талд, яг дэлхий нийтийн адил бидний хэрэгжүүлсэн арга хэмжээ ойролцоо байсан. Монголбанк, Засгийн газрын зүгээс цар тахлын эсрэг тэмцэх тэмцлийг хийхдээ маш их хэмжээний мөнгө гаргах байдлаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор мөнгөний нийлүүлэлт маш их хэмжээгээр нэмэгдсэн нь өнөөдрийн инфляцийн үндсэн шалтгаан юм. Тийм учраас инфляци буурах үндсэн нөхцлийн хувьд эдийн засаг харьцангуй өсч тэлээд, хэвийн горимд хэзээ орох вэ гэдэг цаг хугацааг таамаглах шаардлагагүй болно. Хоёрдугаарт, үүний эсрэг бидний хийж буй мөнгөний бодлогын болон бусад төсвийн арга хэмжээтэй уялдсан шийдвэр хэр байгаа оносон бэ гэдгээс ихээхэн хамаарна. Энэ хоёрыг хоёуланг нь ажиглахад бид мөнгөний бодлогын хувьд ч тийм таатай, хүчтэй бодлого явуулж чадахгүй байна. Энэ нь ч тодорхой шалтгаантай.
Нөгөө талаас төсвийн бодлого маань маш хүчтэй тэлсэн байна. Тийм учраас инфляци буурах, саармагжих нөхцлийг хязгаарлаад байна. Үнэ нийлүүлэлтийн үзүүлэлт 30 их наяд даваад явчихлаа. 20 их наядын зардалтай ийм төсөвтэй явж байна. Энэ хоёр нийлээд Монгол Улсын эдийн засгийн төсвтэй дүйцэхүйц байдаг. Энэ тэлэлтүүд бидний инфляцийн нөхцөл байдлын буурах хурдыг удаашруулах байх. Тиймээс ойрын хэдэн сард, эхний хагас жилд зорилтот гэж ярьдаг 6-8 хувийн инфляци руу орох боломж хязгаарлагдмал байна. Оны төгсгөл рүү, нэг оронтой тоо руу оруулж чадах эсэх асуудал дээр 9, 10 сараас л хүрэх болов уу даа гэсэн хүлээлттэй байна.
-“Оюутолгой”-н гүнийн уурхай байнгын ажиллагаатай болж, Монгол Улс гадна талд зэсийн том тоглогч болж харагдаж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн мэдээллийг зарим шинжээчид өгч байна. Нэгэн цагт үргээсэн хөрөнгө оруулагчдаа яаж буцаан татах вэ? Та бодлоо хуваалцахгүй юу?
-"Оюутолгой"-н гүнийн уурхайн бүтээн байгуулалт дуусаад, олборлолтын үйл ажиллагаа нь тогтворжиж буй нь бидний хувьд томоохон, эерэг нааштай мэдээ бол мөн. "Оюутолгой"-н гэрээг сайжруулахтай холбоотой болон гүнийн уурхайн ашиглалтын үйл явц нь Монгол Улсын эдийн засагт хэзээ дорвитой нөлөөлөх вэ гэдэг арай өөр асуудал. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын биднийг харах өнцөг, дээрээс нь гадаад зах зээл дээр Монгол Улс зэсийн салбар дахь голлох тоглогчдын нэг болж харагдах ирээдүй илэрхий байгаа байх. Одоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөхөөр санал авах, боловсруулах түвшиндээ явж байх шиг байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулинд бид нэлээн хэдэн жилийн өмнө өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулиудын өөрчлөлтийн явцаас харвал бид татварын нөхцөл байдал, тогтворжуулалтын нөхцөл байдал, хөрөнгө оруулагчдад амлаад байгаа зүйл маань тийм бага биш.
-Хөрөнгө оруулагчид наашлахгүй байгаа шалтгаан юунд байна гэж та бодож байна вэ?
-Монгол Улсыг хөрөнгө оруулагчдад, гадаад ертөнцөд харьцангуй сөрөг харагдуулж буй хүчин зүйлс нь улс төрийн болон бодлогын тогтворгүй байдал, хэлсэндээ хүрдэггүй байдал, хөрөнгө оруулагчдад зүй бус, бизнесийн ёс зүйгүй авир гаргадаг, хөрөнгө оруулагчдыг залилж мэхэлдэг асуудал. Дээрээс нь Монгол Улсад авлига, хээл хахууль хэт нүүрлэсэн байдал гадаад зах зээл дээр биднийг үнэхээр сөрөг харагдуулж байгаа юм. Бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийг сайжруулж, шинэчилж болох боловч түүний дагуу хэрэгжих бодлого нь тогтвортой, хэлсэн амлалтдаа хүрдэг байх ёстой. Дээрээс нь одоо яриад байгаа шударга ёс бий болгох, авлига хээл хахуулийг бууруулах асуудал хөрөнгө оруулалттай зайлшгүй холбоотой. Тиймээс бид зөв орчин, түүнийг тогтвортой хэрэгжүүлэх бодлого гэдгийг бий болгож чадаагүй тохиолдолд мянган амлалт өгөөд хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх боломж хязгаарлагдмал юм.
"БИРЖИЙН ТОГТОЛЦООГ ТАВААРЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ"
-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжиж эхэлж буй таатай мэдээлэл бий. Цаашид ам.долларын ханш сулрах төлөв ажиглагдаж байна уу?
-Суларна гэдэг харьцангуй ойлголт. Мэдээж төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30-40 төгрөгөөр буурч байгаа нь сайн мэдээ мөн. Үүнийг шүүмжлэлгүйгээр эерэгээр харах нь зүйтэй болов уу. Үүнд мэдээж оны эхний эдийн засгийн гүйцэтгэл, төсвийн орлого, гадаад худалдааны тэнцэл, ялангуяа гадаад худалдааны тэнцэл бараг 2 тэрбум шахуу ам.доллараар эерэг гарсан нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй. Тийм ч учраас оны эхний улирлын эдийн засгийн өсөлт нэлээн өндөр гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Ам.долларын ханш сулрах асуудал урт хугацааны асуудал. Суларна гэдэг зүйлийн эсрэг бид яагаад Монголд ам.долларын ханш өсөөд байна вэ гэдгийг хөндөх хэрэгтэй. Би хувьдаа сулрах нөхцөл байдал хараахан бүрдээгүй гэж хэлнэ. Учир нь Монгол Улсын хувьд гадаад байдлын тэнцвэр гэдэг зүйл хадгалагдаж байж урт хугацаандаа валютын ханш тогтворжих, цаашилбал монгол төгрөгийн ханш чангарах байдал бий болох боломж бий. Манай улс төлбөрийн тэнцэл дээрээ нэлээд алдагдалтай явдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд урсгал дансан дээрээ маш их хэмжээний алдагдалтай явж байна. Бидний гадагш өгч, гаднаас авч буй ам.доллар асар их ялгаатай байна. Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан байна гэсэн үг. Ойрын хугацаанд ханш тогтворжих үзэгдэл байна. Гадаад худалдаа, эдийн засгийн эрчимжилт иймэрхүү байдалтай байна. Нөгөө талдаа дунд, урт хугацаандаа бид эргээд ханш буурна гэсэн ойлголтыг нийтэд бий болгохыг хичээж байгаа бол нөгөө яриад байгаа эдийн засгийн бүтцээ сайжруулах эдийн засгаа хүчтэй бүрдүүлэх, импортыг орлох чиглэлд ажиллах, дотоод эдийн засгийн суурь бүтцээ сайжруулах гэх мэт олон ажил хийх шаардлагатай.
-Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалж эхэлж, чамлалтгүй амжилттай яваа. Гэвч урд хөршийн хувьд энэ шийдвэрийг тийм ч таатай хүлээж аваагүй бололтой байсан. Улаанбаатарт ирсэн хятад бизнесменүүд энэ талаар ярихдаа Монгол Улсын хууль тогтоомж, журам шийдвэр тогворгүй байдгйиг шүүмжилсэн. Бид биржийн арилжаан дээр юуг анхаарах ёстой вэ?
-Биржийн арилжаа гэдэг зүйл хүн төрөлхтөний хувьд таваарын зах зээл, хөрөнгийн зах зээл, хувьцаа, бусад таваарын зах зээлийн хувьд харьцангуй сонгодог хэлбэр мөн үү гэвэл мөн. Гэхдээ өнөөдөр Монголд үүсэн бий болсон суурь нөхцөл байдал гэж бий. Бид маш олон үнээр нүүрсээ зарж байна. Амны үнэ, хилийн үнэ гээд. Гэтэл дэлхийн зах зээлийн үнээр зарах шаардлагатай гэж бид Ашигт малтмалынхаа хуульд тусгасан байдаг. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмал олборлож, борлуулж байгаа талууд, гааль, татварын албаныхны мэдээ хоорондоо зөрдөг. АМНАТ жишиг үнээр явдаг нь уул уурхайн салбарынханд дарамт болдог. Миний сонссоноор, бид биржээр нүүрсээ арилжаалах нь зөв боловч саяын яриад байгаа тээврийн зардалтай холбоотой, хилийн үнэ, амны үнэ гэх зэрэг үнүүдтэй холбоотойгоор арилжаанд саад болох нөхцөл байдал байгаа юм байна гэж ойлгосон. Үүнийг залруулах шаардлагатай. Бид өнөөдөр биржээр зарна гэдэг худалдан авагч талын ашиг сонирхлын давхцалыг биржид бий болгож байж л арилжаа амжилттай болно. Бидний худалдан авагч хэн бэ гэдэг тодорхой БНХАУ, түүний худалдан авагч нар. Тэгэхээр бид тэнд үүсээд байгаа нөхцөл байдал, биржийн арилжаа хоёрын хооронд таатай, урт хугацаанд үргэлжлэх суурь нөхцлийг харж, биржийн худалдан авах нөхцөл, биржийн арилжаанд худалдан авагч талууд ямар нэгэн саадгүй оролцох суурь нөхцөл байгаа эсэхийг л ажиглах нь зүйтэй юм болов уу. Яваандаа бид биржийн тогтолцоог таваарын зах зээл дээр хөгжүүлэх нь чухал.
-Монголд дундаж давхарга устаж, баян хоосны ялгаа ихэссэнийг олон улсын шинжээчид ч хэлж байна. Ид хөдөлмөрийн насны залуус боолын хөдөлмөр эрхлэхээр гадагшаа “зугтаж” байна. Ирээдүйн боловсон хүчнүүдээ эх оронд нь үлдээх ямар боломж бий бол. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Анхаарах асуудал мөнөөс гадна энэ бол бидний өмнө тулгамдсан хамгийн хурц асуудлуудын нэг гэж би хувьдаа хардаг. Үүний шалтгаан маш тодорхой. Монгол Улсад өнөөдөр хүн бүр, залуучууд, гэр бүлүүд эх орондоо элэг бүтэн, хамтдаа сайхан амьдрахыг хүсч байгаа бөгөөд гагцхүү тэр үүргийг гүйцэтгэх, тэр нөхцөлийг бий болгох, хангах ёстой субъект нь төр гэж яриад байгаа эрх барих дээд байгууллагууд Засгийн газар, УИХ мөн, бодлогын түвшинд, гүйцэтгэлийн түвшинд. Харамсалтай нь, бид үүнийгээ хийж чадахгүй байна. Бид одоо овоо олж хараад, 30 жилийн алдаа завхрал гэж яриад байна. Энэ хугацаанд эдийн засгаа хөгжүүлэх тогтвортой бодлогыг үнэндээ хэрэгжүүлж чадсангүй. Түүний улмаас Монгол Улсад бүтээмж гэдэг зүйл байхгүй, эдийн засгийн тэлэлт байхгүй болсон. Түүнээсээ болоод нэг хүнд ногдох ДНБ бүтээгдэхүүн нь өсдөггүй. Иргэдийн бодит орлого нэмэгдэхгүй. Сүүлийн үед иргэдийн бодит орлого бараг буурах тийшээгээ яваад байна. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн бодлогыг бий болгож чадахгүй бол иргэд бодит орлого, бодит үнэлэмж өгөөд байгаа тэр газрууд руу тэмүүлэхээс аргагүй. Өнөөдөр хэдийгээр эх орондоо байх нь сайхан ч гэсэн хүний амьдралын чанар, бодит орлого томоохон татах хүч гэдгийг олж харж байна. Бид өнөөдөр бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой. Зүгээр цалин, тэтгэмж нэмэх байдлаар гал унтраагаад яваад байвал бүтээмж өсөхгүй, хий инфляци үйлдвэрлэх байдал руу явна. Тийм учраас монгол хүний бүтээмжийг нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд бид эдийн засгийн бодлогоор хатуу зогсох хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас маш олон зүйл хийж, маш олон зүйл дээр дэвшилттэй байна. Үнэхээр дэмжүүштэй зарим зүйлүүд байна. Одоо үүнтэйгээ хамт бид эдийн засагтаа нэлээн илүү анхаарах цаг болсон юм биш үү гэсэн байр суурьтай байна.
"УЛС ТӨРИЙН АМЛАЛТ, УЛСТӨРЧДИЙН ‘ТОЙРОГТОО’ ГЭСЭН ТОДОТГОЛТОЙ, ТӨСВИЙГ ЗАВХРУУЛДАГ БАЙДЛЫГ ХЯЗГААРЛАХ ШААРДЛАГАТАЙ"
-Сонгуулийн өмнөх жил, намууд амлалт өгч, бэлэн мөнгө тараадаг зэрэг нь зуршил болсон. “Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг тарааж байна гээд баахан мөнгө зарцуулсан нь одоо өр болж үлдсэн. Удахгүй ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэнэ гэсэн. Эдийн засгаа бүр сүйрүүлчих вий дээ гэсэн айдас төрөх юм. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Ерөнхийдөө сүүлийн 10 гаруй жил, 2008, 2010 оноос эхэлсэн улс төрийн амлалтын гайгаар бид өнөөдөр асар их хэмжээний бэлэн мөнгийг маш олон чиглэлд тараасан. Улс төрийн амлалтууд нь улам нэмэгдэж, даамжрах чиг хандлагатай болсон. Үүний гайгаар Монгол Улсын төсвийн тодорхой хэсгийг халамжийн гэсэн зардал эзэлдэг болчихоод, тэр нь нэмэгдсээр байгаа нь маш буруу үзэгдэл юм. Бид өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх тухай, Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай яриад байгаа боловч Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа эдийн засгийн суурь тогтолцоогоо хэрхэн сайжруулах вэ, улс төрийн амлалт гэдэг зүйлийг хэрхэн хязгаарлах вэ гэдэг асуудлыг илүү анхаарах шаардлагатай. Бид эдийн засаг гэдэг зүйлийг хөгжүүлж байж бидний сонгон авсан зам дээр иргэдийн амьжиргаа сайжирч, таны хэлээд байгаа дундаж давхарга нэмэгдэх зүй тогтолтой бололтой. Тийм учраас бид Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх тухай хэлэлцэж байгаа энэ үед ард түмний хүчтэй оролцоотойгоор энэ улс төрийн амлалт гэдэг зүйлийг хязгаарлах, улстөрчдийн тойрогтоо гэсэн тодотголтой, төсвийг завхруулдаг байдлыг хязгаарлах зүйлсийг маш хүчтэй хийх шаардлага бидэнд байна. Гэтэл бидний хамгийн том сул тал бол улс төрд яаж байх вэ, улс төрийн нөхцөл байдлаа яаж хадгалах вэ, сонгуулийн нөхцөл байдлыг намуудад яаж таатай болгох вэ гэсэн ийм л зүйл яриад байна. Миний ойлгож байгаагаар, улс төрийн сонголтоо хэрхэн хийх вэ гэдэг иргэний шууд эрхтэй холбоотой, маш эмзэг асуудал. Бидний ярьдаг шууд ардчилал гэдэг зүйл байгаа юм уу, үгүй юм уу. Гэтэл өнөөдөр хэнийг сонгох тухай асуудлыг яагаад улс төрийн нам нэртэй улс төрийн ашиг сонирхлын төлөө тэмцэж байгаа тэр бүлэг хэдхэн хүмүүс ярилцаад, ард түмэн биднийг ингэж сонгох ёстой гэсэн тогтолцооны шийдлийг гаргаад, тулгах ёстой юм бэ гэдэг асуудал үнэхээр эргэлзээтэй. Хэрвээ үүнийг үнэхээр Үндсэн хуульд хийж хэрэгжүүлэх гээд байгаа юм бол түүнийг хийдэг субъект нь ард түмэн байх ёстой. Улс төрийн нам дотор улс төрийн эрх ашгийн төлөө тэмцэх сонирхолтой нэгдэл, бүлэглэлүүд л байгаа шүү дээ. Тэр бүлэглэлүүд харилцан зөвшилцөөд, ард түмэн хэнийг яаж сонгохыг тодорхойлох, тэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт байгаа гол асуудал мэтээр яриад байгаа нь эргэлзээтэй. Тэгэхээр бид үүнтэй хамт ард түмний сонгох эрхээс гадна улс төрийн амлалт болон улстөрчдийн ард түмнийг хахуульдах маягаар, төрийн мөнгөөр болон бусад хувилбараар, санал худалдан авах замаар гарч ирдэг, гарч ирснийхээ дараа дахиад тэр тойрог руугаа эргээд, 4 жилийн хугацаанд өөрсдийнх нь ярьдгаар тойргоо "услах" замаар ажилладаг механизмыг л хааж өгөхгүй бол Монгол Улсыг халамж гэдэг зүйл нь мөнгөний нийлүүлэлт, эдийн засгаас гадна нийгмийн суурь ойлголт, иргэдийн идэвх, санаачлага, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэлийг хааж боогдуулсан гээд асар их сул тал бий болгоно.
-“Түнэр харанхуйг зүхэж сууснаас ганц ч болов лаа асаа” гэдэг. Эдийн засаг хүнд байна, эрх баригчид улс орныг дампуурууллаа гээд, бусдад бурууг нялзаах биш, иргэд ч бас хариуцлагатай баймаар санагддаг. Эдийн засгаа өөд татаж, сайхан амьдрахад иргэдийн хувь нэмэр, оролцоо чухал байх?
-Би хувьдаа улс төрийн намууд сайжраасай, ялангуяа эрх барьж буй гол хүчнүүд сайжирч, зөв хөгжвөл Монгол Улсын засаглал сайжирч, улс орон хөгжих боломжтой гэсэн гарц бийг харж байна. Гэхдээ энэ гарц маш удахаар бөгөөд маш идэвхтэй арга хэрэгсэл биш болж хувирлаа. Өнөөдөр бидэнд мэдээж сайн сайхан зүйл бий, муу муухай сөрөг зүйлс ч олон байна. Эдгээрийн бүх шалтгаан улс төрийн намуудтай холбоотой гэж би хувьдаа боддог. Тодорхой нэг нам, өнөөдөр эрх барьж буй намыг буруутгахаас илүү улс төрийн намууд завхарсан юм байна, улс төрийн намуудын хүний нөөцийн бодлого, стратеги, үзэл баримтлал, үнэт зүйл суларсан юм байна, түүнийгээ дагаад эдгээр намуудаар дамжиж мэдлэг чадвар султай, ёс суртахуун дорой хүмүүс монгол төрд ордог болсон юм байна. Ингэснээр монгол төр доройтсоны улмаас өнөөдрийн засаглалын хямрал эхэлсэн юм байна гэж би хувьдаа боддог. Бид улс төрийн намуудын сайжрах үйл явцыг хүлээнэ гэвэл цаашид цаг хугацааны хувьд эргэлзээтэй юм байна. Энэ намуудыг сайжруулах ёстой. Түүнтэй зэрэгцээд иргэдийн идэвх, оролцоог маш хүчтэй дэмжих хэрэгтэй. Иргэд өөр өөрсдийнхөө түвшинд улс төрийн идэвх, оролцоотой байх, өөр өөрийн түвшинд хариуцлагатай, хувь хүн бүр өөрийн үүрэг, хариуцлагыг гүнээ ухамсарлаж байж энэ нийгэм хөгжинө. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх үндсэн арга нь эдийн засгийн өсөлт, иргэдийн бодит орлогын өсөлт, эдийн засгийн тогтвортой бодлого байх ёстой.
Эх сурвалж: News.mn