Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцжээ

оруулсан Алсын Хараа
/MarketWatch/. Энэтхэг улс Хятадыг ардаа орхиж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс боллоо гэж санхүү, бизнес, хөрөнгийн зах зээлийн мэдээллийн “MarketWatch” цахим хуудас НҮБ-ын таамаглалд хийсэн дүн шинжилгээнээсээ эш татан мэдээлжээ.
Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар Энэтхэгийн хүн амын тоо 1,425,782,975 байсан гэж тус цахим хуудсанд тэмдэглэжээ. "World Population Review" (WPR) хараат бус байгууллагын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар Энэтхэгт 1,425,937,441 хүн амьдарч байгаа бол Хятадын иргэдийн тоо 1,425,744,008 байна.
Энэтхэг нь хүн амын тоо хэмжээ төдийгүй хүн амын бүтцэд суурилсан эдийн засгийн асар их нөөц бололцоотой гэж дээрх цахим хуудас мэдээлжээ. Тус улсад хөдөлмөрийн чадвартай 100 иргэн тутамд нь 47 хөдөлмөрийн чадваргүй иргэн ногдож байгаа бөгөөд 25 жилийн өмнө энэ тоо 68 байжээ. Харин 2048 он гэхэд энэ харьцаа 45 болж буурч, энэ үзүүлэлт хамгийн бага орнуудын жагсаалтад эзлэх байр суурь нь 43 дугаар байраас 23 дугаар байр луу дээшилж ахина. Энэ нь Энэтхэгийн хувьд маш том давуу тал гэж "MarketWatch" онцолж байна.
Хятад улсын тухайд хөдөлмөрийн чадвартай 100 иргэн тутамд хөдөлмөрийн чадваргүй 45 хүн ногдож байгаа боловч 25 жилийн хугацаанд дээрх жагсаалтын 146 байраас 68 дугаарт бичигдэх аж.
Энэтхэг нь хөдөлмөрийн насны хүн амын тоо хүүхэд хөгшдийн эзлэх хувийг давж, эдийн засаг өсөх боломж бий болдог "demographic dividend" гэж нэрлэгддэг үеийг туулж байгаа аж. Гэсэн хэдий ч эдийн засгийнхаа боломжийг бүрэн нээлттэй болгохын тулд хөгжиж буй бусад орнуудаас хоцрогдож байгаа хөдөлмөрийн бүтээмж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтээ дээшлүүлэх шаардлагатай гэж "MarketWatch" онцолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих