Л.Халтар: Дарханы замын 2, 3, 4 дүгээр багцын бүтээн байгуулалтад хамгийн их анхаарал хандуулж байна

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-наас эхэлжээ. "2023 онд хоёр урсгал, дөрвөн эгнээ зам бүрэн нээгдэнэ" хэмээн сайд С.Бямбацогт хэлж байв.

Харин бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар "Энэ онд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй багц 2, 3 буюу "Жунмэй инженеринг" компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 90 км, багц 4 "Чайна жео инженеринг" компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 45 км хэсэгт хамгийн их анхаарал хандуулж байна.

Өнөөдрийн байдлаар "Жунмэй инженеринг" компанийн багц 2, 3-ын ажил тодорхой хэмжээгээр эхэлсэн. "Чайна жео инженеринг" компанийн багц 4 хэсэгт далангийн ажил эхэлж байна. Бусад газарт өргөн бүрэлдэхүүнтэй эхэлсэн зүйл алга. Тиймээс зөвлөх компанид тавдугаар сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаатай хатуухан үүрэг өглөө. Гүйцэтгэлийг долоо хоногоор гаргаж, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх компаниуд хянаад явна" хэмээн мэдээллээ.

Дарханы замыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа. Тодруулбал,

  • I багц - Улаанбаатараас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,
  • II багц - Хар модот давааны араас Урьхан хүртэл 45.5 км,
  • III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45.74 км,
  • IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км,
  • V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам.

Эдгээрээс 2, 4 багцын 90.58 км авто замын барилгын ажил гүйцэтгэл муутай байгаа билээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр эгнээтэй болгоход Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас 20 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг өнгөрсөн сард олгох шийдвэр гарсан юм.

Сэтгэгдэл бичих