Пентагоны нууц баримтыг задруулсан хэрэгэт АНУ-ын цэргийн баазын ажилтныг сэжиглэн баривчилжээ

оруулсан Алсын Хараа

Массачусетс муж дахь АНУ-ын Агаарын үндэсний гвардийн 102-р тагнуулын албаны ажилтан 21 настай Жек Тейшейраг Пентагоны нууц баримт бичгүүдийг задруулсан хэрэгт сэжиглэн баривчилсан талаар АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарлэнд мэдэгджээ. Тус баримтуудад Украины дайн болон бусад улс орнуудын тухай Пентагоны мэдээллүүд байсан юм.

Гарлэнд "Өнөөдөр үдээс хойш Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Тейшейраг ямар ч саадгүйгээр баривчилсан" гэв. Тейшейраг батлан ​​хамгаалах салбарын нууц мэдээллийг зөвшөөрөлгүйгээр авч тараасан хэрэгт сэжиглэж байгаа юм.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч генерал Пэт Райдер "нууц баримтыг задруулсан нь санаатайгаар үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг" гэж хэвлэлийн бага хурал хийх үеэр мэдэгджээ.

Баривчлах ажиллагаанд хэд хэдэн хууль сахиулагчид оролцсон бөгөөд тэд хуягт машинаар гэрт нь очсон байна. Сэжигтэн гараа өргөөд ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр бууж өгчээ. Зургаас харахад Тейшейра богино улаан өмд, богино ханцуйтай цамц өмссөн байжээ.

Тус цэргийн баазын залуу ажилтан нууц баримтуудыг цахим тоглоомын чатаар найзуудтайгаа хуваалцаж байсан тухай “Вашингтон Пост” лхагва гарагт мэдээлсэн байна. Сэжигтэн тоглоомчдын сайн мэдэх Discord платформд  ижил сонирхолтой цөөн тооны бүлэг хүмүүст нууц мэдээллээ өгсөн гэж тус хэвлэлд бичжээ. Мөн "Нью-Йорк Таймс"-ын сэтгүүлчид тухайн хүний ​​нэр, албан тушаалыг олж чадсан тухай пүрэв гарагт мэдээлсэн байна.

"Нью-Йорк Таймс"-ын мэдээлснээр, Тейшейра нь Thug Shaker Central хэмээх 20-30 хүний ​​бүрэлдэхүүнтэй цахим бүлгийг удирдаж байсан бөгөөд гишүүд нь ихэвчлэн буу зэвсэг, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан миймнүүд, видео тоглоомд дуртай залуучууд, өсвөр насныхан байдаг аж.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл бичих