Дэлхийн “маргааны гурвалжин”-ы төв цэг Тайвань, Хятад, Америк

оруулсан Алсын Хараа
Тайвань, БНХАУ-ын хооронд үүсээд буй зөрчил хурцдаж дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ-д албан ёсны бус айлчлал хийснээр хоёр улсын харилцаа улам ширүүсч, Хятад Тайванийн арлыг бүсэлсэн байлдааны сургуулилтыг өнгөрөгч амралтын өдрүүдэд хийлээ.  Үүнээс өмнө  Тайванийн хоолой руу байлдааны хөлөг болон сөнөөгч онгоцуудаа илгээгээд байсан юм.
Байлдааны сургуулилт урьдчилсан төлөвлөгөөний дагуу бямба гарагт эхэлж, даваа гарагт дуусах байсан ч Хятадын Ардыг чөлөөлөх арми цэргийн бэлтгэлээ үргэлжлүүлсээр байна. Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр мягмар гарагт 35 агаарын нисэх онгоц, найман байлдааны завийг Тайванийн хоолойн ойролцоогоос илрүүлжээ.
Хятадын төрийн мэдээллийн агентлагаас энэ байлдааны сургуулилтыг Хятадын бүс нутгийн бие даасан байдал, тогтвортой байдлыг хангах зорилготой хэмээн тайлбарлалаа. Энэ байлдааны сургуулилтын дараа Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву “Хятад Тайванийн эсрэг дайн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн үйлдэл гэж харлаа. Хятадын зэвсэгт хүчин манай улсад ямар нэгэн аюул учруулахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Тайванийн эсрэг хүч хэрэглэхээсээ өмнө Хятадын эрх баригчид сайтар тунгаах хэрэгтэй. Гэхдээ тэд 2025, 2027 аль ч онд довтлохоос үл хамааран бид бэлтгэлээ базаах нь тодорхой” хэмээн “CNN”-д ярьжээ.
Энэ удаа сөнөөгч онгоцнуудыг Тайванийн агаарын хүчний төв цэг рүү илгээсэн анхны тохиолдол болсон нь ихээхэн анхаарал татаж байна. Үүнээс өмнө АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пэлоси өнгөрсөн оны наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа Хятад мөн томоохон хэмжээний байлдааны сургуулилт хийж байсан юм.
Тайвань улс үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд гадаадын улстай нууцаар хамтран ажиллах, салан тусгаарлах оролдлого хийж болохгүйг Бээжин хатуу анхааруулсан билээ. Гэтэл саяхан Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ-д айлчилж тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Мак Картитай болон бусад удирдлагуудтай уулзсан нь Хятадын эрх баригчдын бухимдлыг ихэд хүргэсэн юм. Учир нь өөрийгөө засаглах эрхтэй Тайванийг Хятад өөрийн бүс нутаг хэмээн үзэж, ноёрхлоо тогтоохыг эрмэлзсээр байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэрэв зайлшгүй шаардлага гарвал хүч ашиглан Тайванийг өөрийн улсдаа нэгтгэнэ гэсэн байр сууриа Коммунист намын их хурлын үеэр нийтэд зарласан билээ. Гэсэн ч Тайванийн захиргаа үүний эсрэг байр сууриа хадгалсан хэвээр байна. Тухайлбал, тус улсын Гадаад хэргийн сайд “Тайвань аль улстай харилцаа тогтоож, тэд биднийг хэрхэн дэмжиж туслахыг Хятад захирч чадахгүй” хэмээн “CNN” телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр байр сууриа ил тод илэрхийллээ.
АНУ цэргийн хүчээр Тайванийг хамгаална
Хятад, Тайванийн арлын хоорондын асуудал даамжирсаар АНУ, Хятадын харилцаанд ч сөргөөр нөлөөлж байна. Учир нь хэрэв Хятад Тайвань руу довтолвол АНУ цэргийн хүчээр тус улсыг хамгаална гэж Америкийн ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газраас мэдээлсэн нь Ши Жиньпинийн хувьд таагүй мэдээ байсан юм. АНУ, Тайвань хоёр албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй. Харин хоёр улс хоорондын харилцааны тогтоолын дагуу Америк Тайванийг батлан хамгаалах зэвсэг, хэрэгслээр хангах хууль ёсны үүрэгтэй юм. Энэ талаар Тайванийн Засгийн газраас “Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Тайванийг хамгаалах нь АНУ-ын үүрэг гэж мэдэгдсэн тус улсын Засгийн газарт баярлалаа. Хятад Тайвань руу халдах нь их хэмжээний зардал шаардана гэж АНУ мэдэгдсэн нь нөхцөл байдлыг илүү тодотгож өглөө” хэмээн мэдэгдээд байна.
Цай Ин Вэн АНУ дахь айлч­лалынхаа тухай “Энэ аялал биднийг аюулгүй байдлын эрх чөлөө, ард­чиллыг дэмжих ардчилсан засаглалтай хамтрагч байдаг гэдгийг олон улсад харуулах зорилготой” гэж ярьсныг “Guardian” агентлаг дамжуулав.
Хятадын Тайванийг бүсэлсэн цэргийн сургуулилт дуусахтай зэрэгцэн АНУ, Филиппинийн хамтарсан сургуулилт эхэллээ. Гэхдээ энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилготой жил бүр тогтмол хийдэг сургуулилт юм. Тус сургуулилтад энэ удаа 17 мянга гаруй цэрэг оролцож, хоёр улсын түүхэн дэх хамгийн том сургуулилт болж байна. 14 хоног үргэлжлэх цэргийн ажиллагааны үеэр Өмнөд Хятадын тэнгист хуурамч бай дэлбэлэх туршилт хийнэ. Гэхдээ энэ нь Тайванийн ойролцоо хийсэн Хятадын сургуулилтын хариу арга хэмжээ биш гэдгийг албаныхан мэдэгдлээ. АНУ, Филиппин улсууд хоёрдугаар сард батлан хамгаалахын шинэ гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Филиппинийн арал дээр тэнгисийн цэргийн дөрвөн шинэ бааз байгуулах болжээ. Эдгээр баазын гурав нь Тайваньтай хамгийн ойрхон байрладаг Лузон арлын хойд хэсэгт байх юм. Сургуулилтад зөвхөн АНУ, Филиппинээр тогтохгүй Австрали ч бас 100 цэргээ илгээх аж.
Европ тив Бээжин, Вашингтоны зөрчилд хутгалдахгүй
Хятад улсад айлчилсныхаа дараа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Тайванийн бие даасан байдлыг дэмжих ч аль нэг талд орохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр Нидерландад хийсэн айлчлалынхаа төгсгөлд “Франц улс цаашдаа Тайванийн бие даасан байдлыг дэмжинэ.
Мөн “Нэг Хятад” бодлогыг дэмжиж, эвээр шийдвэрлэх арга замыг эрэн хайна. Гэхдээ Европ тив Бээжин, Вашингтоны зөрчилд хутгалдаж, аль нэг талд нь гарах шаардлагагүй. Холбоотон байх нь дагуул улс байна гэсэн ойлголт биш. Өөрөөр хэлбэл бид өөр өөрийн гэсэн бодолтой байх ёстой” хэмээн лхагва
гарагт ярьжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Бээжин дэх айлчлалынхаа дараа 51 зүйл бүхий Хятад, Францын хамтарсан мэдэгдлийг гаргасан. Энэ нь  хоёр улсын улс төрийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлсэн юм. Хятад, Франц хоёр 40  орчим жилийн турш цөмийн эрчим хүчний чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж байна.
Францын цахилгаан эрчим хүчний компани “Йlectricitй de France” нь Хятадын эрчим хүчний салбарын гадаадын гол хөрөнгө оруулагч юм. Тус компани Хятадтай хамтран зургаан блок бүхий гурван атомын цахилгаан станц барьж, ашиглалтад оруулжээ.
Хоёр улс 23 дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээгээ хийж иргэний цөмийн эрчим хүч, сансар судлал, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон билээ. Мөн Африк, Төв болон Зүүн Европыг хамарсан дэд бүтцийн бүтээн байгуулалт, байгаль орчныг хамгаалах, шинэ эрчим хүч гэсэн хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа. Ийн өнөөдрийн байдлаар дэлхийн “маргааны гурвалжин”-ы төв цэг АНУ, Хятад, Тайвань гэсэн гурван улс байна.
Баярмэндийн ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих