Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар авлигатай тэмцэх хүрээнд “Шувуу” ажиллагааг эрчимжүүлэх, үүнд иргэд олон нийтийн оролцоог нэмж, мөнгөн урамшуулалтай болгох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, гадаадад ажиллаж амьдарч буй хүний талаар 1111 төвд өгсөн мэдээлэл батлагдсан тохиолдолд, тухайн иргэнийг 10 мянган ам.доллароор урамшуулах юм байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны талаар мэдээлэхдээ, “Мэдээллийг төлбөртэй авдаг эрх зүйн үндэслэлүүд бий. Тухайлбал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд, Цагдаагийн албаны тухай хуульд гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах зохицуулалт бий. Тухайн хэргийг шалгаж буй байгууллага мэдээлэл батлагдсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох нарийвчилсан журам гаргахаар болсон” хэмээв.
Ойрын үед БНСУ-аас хэд хэдэн хүнийг тус улсын хууль сахиулагчидтай хамтран албадан ирүүлэхийг сайд тэмдэглэлээ.
“Шувуу” ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин Улсын нийслэл Манила хотоос дөрөвдүгээр сарын 5-нд шилжүүлэн авч, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ. Үүнээс гадна иргэн Ж..Төгсбаяр АТГ-ын Мөрдөн шалгах албаны холбогдох алба хаагчидтай Унгар Улсаас холбогдон, өөрөө хэргээ шалгуулахаар иржээ. Түүнийг Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгаж байгаа. Мөн иргэн П.Болортуяа БНСУ-аас мөрдөн байцаагтайгаа өөрөө холбогдон, өөрөө хэргээ шалгуулж байна.
Түүнчлэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат гадаадад явж байгаа ч мөрдөх байгууллагатайгаа холбогдон, тайлбар мэдээллээ өгнө гэжээ. Удахгүй нийслэлийн Баянгол дүүрэгт гадаадын хөрөнгө оруулалттай “Хьюндай” эмнэлэгтэй холбоотой хэрэг, Чингэлтэй дүүргийн шүүхээс Английн иргэнтэй холбоотой хэргийг шийдэх аж. Энэ мэтчилэн гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой 50 гаруй гомдлоос 40 гаруйг нь прокурор, шүүхийн шатанд шилжүүлжээ.