Ухвар мөчид удирдлага нь л Украины ард түмнийг үхэл, сүйрэл рүү түлхчихлээ

оруулсан Алсын Хараа
Аюултай нөхцөл байдал: Товч тайлбар №4 
(үргэлжлэл бий)
Дайн! Тулалдаан! Мөргөлдөөн! Энэ бол шууд л цус, нулимс, үхэл, хагацал, өвдөлт, зовиур, өнчрөл, бэлбэсрэл, өлсгөлөн, эрэмдэг зэрэмдэг болчихсон залуус, сохор доголон хүмүүс, галзуурсан, солиорсон эхчүүд, хөгшид, эвдэрч нурсан хот, тосгон, шатсан, сэглэгдсэн байшин барилга, газар нутаг, хэдэн саяараа буй болсон булш, газар сайгүй хаягдсан сумны хонгио... гэсэн үг. Ийм байдлыг уг нь хүсэх хүн нэг ч байхгүй. Гэтэл дайнгүй жилүүд, улс орон, тив гэж бараг л байсангүй. Хэдэн зуун дайн, хэдэн мянган дайн, хүнийг алахад зориулж хүмүүсийн өөрсдийн нь бүтээсэн, хийсэн мянган янзын зэр зэвсэг, пуужин, их буу,танк, онгоц, цөмийн цэнэгт хошуу, хими-бактериологийн зэвсэг, мин, гранат, буунууд, жад, сэлэмнүүд...
Дайн эхэллээ л бол хоёр талын цэргүүд хэдэн арваараа, хэдэн зуугаараа алагдаж, шархдаж, цусандаа хутгалддаг. Ийм гамшиг хэдэн ч жил үргэлжилж болно. Дайн хийхэд хүргэдэг зөрчлийг том эрх мэдэлтэн, том баячууд л үүсгэдэг. Дайны явцад жирийн иргэд л амь насаа алддаг. Хаад, том жанжид, ерөнхийлөгч нар, ерөнхий сайд нар, том баячууд (олигархиуд) алагдах нь бүү хэл, шархдах ч үгүй, өлсөх ч үгүй. Том баячууд нь бүр улам их баяжиж үлддэг. Хүний амь нас, цус, нулимсаар баяжихыг хүсдэг хүн хүн мөн үү? Тийм улс орон байж болох уу?
Ядуу буурай орнуудын хүн ам дайны хөлд хэрхэн сүйдсэн, хохирсныг тоодог ч үгүй, мэдээлдэг ч үгүй... Энэ хэвийн үзэгдэл үү?
Африк тивд негрүүдийг, Америк тивд индианчуудыг, Австрали тивд нутгийн уугуул хүмүүсийг европчууд бүр бах таваа ханган алж хядаж байсан үе буй. Гар хоосон шахуу хөөрхий хүмүүсийг галт зэвсэгтэн европчууд мөн ч олон жилийн туршид алж хядсан юм. Негрүүд, индианчууд, Австралийн уугуул иргэд бүгд л ижил хүмүүс шүү дээ. Ээж нар нь ч бидний ээжтэй адил, хүүхдүүд нь ч бидний хүүхдүүдтэй адил. Ялгарах юм ер үгүй.
Гэтэл тэднийг алж, хядаж, боолчлохдоо европчууд ер сэтгэл зовоогүй юм. Тариалангийн талбайд ургасан хогийн ургамал мэт үзэж, устгаж байжээ. Хаадууд нь, бүр хатан хаадууд нь, хамба нар нь ийм балмад үйлдлийг нь зөвтгөж, жанждыгаа одонгоор шагнаж байв. Нүгэл биш, гавъяа гэж үнэлэгдэж байжээ дээ? Дайн түрэмгийлэл бол алт, мөнгө, ашиг олдог нэгэн салбар, аж ахуй нь болчихсон улс орон олон байсан юм шүү. Өөрийгөө хамгаалах зорилгоор хэмээн маш их эзвсэг бэлдээд төдхөн л бусдын эсрэг хэрэглэж эхэлсэн улс орон ч мөн цөөнгүй бий. Цэрэг зэвсгээ хэдэн арван оронд байрлуулчихаад олон олон бүс нутгийг дарангуйлж, мөлжиж байсан улс орон ч олон байлаа. Дайн, түрэмгийлэл хүн төрөлхтөнг бүх түүхийн нь туршид хэлмэгдүүлж, хохироож, зовоож, тарчлааж байжээ.
Нэг орны жирийн хүмүүс, ард түмэн нөгөө орныхоо жирийн хүмүүс, ард түмнийг үзэн ядаж, устгах, хөнөөхийг хүсэж байсан тохиолдол хүн төрөлхтөний түүхэнд байхгүй. Улс орнуудын удирдлага л (хаад, жанжид, төр засаг, баячууд) дайтах, тулалдах шийдвэр гаргадаг. Тэд элдэв холбоо, эвсэлд нэгдэж байгаад л дайныг санаатайгаар өдөөж иржээ. Тэдний өдөөсөн дайны галд цэрэг эрс хуурай өвс мэт шатаж, асар их хөрөнгө, баялаг үрэгдэж, сүйрч иржээ. Дайнд бэлтгэж, мөн дайн самуунаас сэргийлж өнөөдөр гэхэд л олон арван сая цэргийг таван тивийн баялаг бүтээгчид хувцаслаж, хооллож байна. Цэрэг, зэвсэгт зарцуулж байгаа энэ их хөрөнгийг дэлхийн хэмжээнд авч үзэх юм бол хэн ч гэсэн гайхмаар, гасалмаар том тоо гарах болно. Энэ их хөрөнгийг зөв зүйлд зарцуулах юм бол дэлхий дахинд өвчин, өлсгөлөн, ядуурал аль хэдийнээ устсан байх байлаа. Нэг хэсэг улс орон нөгөө хэсэг улс орны түрэмгийллээс эмээж, болгоомжилж, цэргийн баазуудыг байгуулж, байнгын түгшүүр доор оршиж байсан он жилүүдийг хүн төрөлхтөн XX зуунд үзэж өнгөрөөсөн билээ. Жишээ нь хүйтэн дайны гэгдэх жилүүдэд ЗХУ-ын нэг сая гаруй цэрэг, офицер, асар олон тооны пуужин хөөргөх төхөөрөмж, танк, хуягт машин, их буу, нисэх онгоц, нисдэг тэрэг Герман, Польш, Чех, Словак, Унгар, Монгол, Куба, Латва, Литва, Эстони, Өвөр Кавказад байрлаж байжээ.
Монголд гэхэд л ЗХУ-ын 75.500 цэрэг, пуужин хөөргөх 22 төхөөрөмж, 1816 танк, 2531 хуягт машин, 1416 их буу, 192 нисэх онгоц, 123 нисдэг тэрэг байрлаж байв. Энэ 75.500 цэргийн байр, хоол, энэ олон техник, машины шатахуун, дээр нь офицеруудын гэр бүлийн хэдэн зуун авгай, хүүхдийн зардлыг ЗХУ дангаараа гаргаж байсан юм.
Өмнө дурдсан цаг үед ЗХУ-ын цэрэг Германид 351.274, Польшид 44.088, Чехословакид 75.000, Унгарт 60.500, Кубад 560, Литвад 35.054, Латвид 50.357, Эстонид 30.724, Өвөр Кавказад 36.000, дээр нь офицеруудын гэр бүлийн хагас сая шахам хүмүүс эдгээр оронд байрлаж байжээ. Тэр үеийн “Известия” сонинд бичсэнээр Герман, Польш, Монголд аваачаад байсан 1.5 сая тонн сум, галт хэрэгсэл зэргийг Оросод буцаан авахад 25.000 вагон шаардагджээ. Бодвол тэр үеийн асар их зэвсэг, техник одоо Орос, Украины фронтод ашиглагдаж байгаа бизээ. Цэрэг, дайн гэдэг чинь ийм л их баялгийг үрэн таран хийж, олон зуун сая хүний амь насыг бүрэлгэдэг хөнөөлт үзэгдэл мөн болно.
Дээр дурдсан цөөн баримтанд тулгуурлан бодох, тооцох аваас ОХУ цэрэг, зэвсгийн асар их нөөцтэй нь тодорхой байна. Ийм их хүч, нөөц бүхий улс орныг элдвээр өдөж, зоргоор загнасаар байгаад дайны байдалд орсон Украины төр, засагт ухаан, тооцоо, болгоомжлол, алсын хараа гэж байж уу? Эмгэнэлтэй, өрөвдөлтэй ирээдүй энэ орны ард түмнийг хүлээж байна шүү дээ! Украины жирийн иргэдийг энэ дайн тамын тогоо руу түлхчихлээ. Төр, засгаа хянаж, тэнд хэнийг сонгож ажиллуулахаа зөв шийдэж, тохиолдлын, болчимгүй популистуудаас ямагт болгоомжилж, үндэсний сэхээтний жинхэнэ элит хэсгийн үг, зөвлөгөөг дагаж амьдрах нь л ганц зөв зам, зөв хандлага болох нь эндээс харагдаж, нотлогдож байна. Ургаа чулуутай хүн ноцолдож болох хэдий ч уултай бол ноцолдоод хэрэггүй шүү дээ! Гарал, үүсэл нэгтэй шахам, нэг туган дор, нэг дээвэр доор амьдарч байсан, төрөл садан ард түмэн, худ худгүй нар санаанд багтамгүй, зүүдэнд ч оромгүйгээр тулалдаж, алалцаж, хэдэн зуунаар тангараг тасрахад хүрнэ гэж хэн санах билээ. Гүнзгий сүсэгтэй хүмүүс “хараал хүрчээ, чөтгөр шүглэжээ” гэж баттай шийдээд гүрэм дором хийлгэж байна гэж ч дуулдах боллоо. Юм ингэтлээ уруудна, доройтно гэж байх уу? Тэр тусмаа эртний их соёлтой гэгдэх Европод шүү!
Оросын ард түмэн, Хятадын ард түмнийг би яг л ижилхэн хэмжээнд хүндэтгэдэг, талархаж явдаг, ач тусыг нь л юуны өмнө санаж дурсдаг. Буруу зүйл буй бол тэдний буруу огт биш шүү дээ. Бүх буруу хаадад нь, удирдлаганд нь байсан юм.
Цаг цагийн нэгэнт буй болчихсон, тогтчихсон бодит байдалтай эвлэрэх, зөв тооцоолж, зөв үнэлж амьдрах нь тогтсон жишиг, хууль билээ. Ялангуяа НҮБ мэтийн хамгаалалт, өмгөөлөл буй болчихсон нөхцөлд, хоёр их хөрш маань “дэлхий дахин гэх том нийлэтлэгийн” гол тулгуур баганууд болчихсон нөхцөлд БНМУ шиг азтай улс орон алга байна шүү дээ. Энэ үнэнийг ойлгож, хүндэтгэж амьдрах нь монголчууд бидний журамт үүрэг мөн болно.
Ухвар мөчид удирдлага нь л Украины ард түмнийг үхэл, сүйрэл рүү түлхчихлээ.
“ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа” нэг жилийн дараа гэхэд “Эх орны дайны” шинжийг оллоо. Энэний буруутан нь “Нэгдсэн барууныхан” гэгдэхээр болчихоод байна.
“Эх орны дайн”-ы шинжийг олноо гэдэг бол Оросын ялалтаар төгснөө гэсэн үг. Энэ дайны нууц, далд шалтгаан нь дэлхийг дангаараа эзэгнэх гэсэн эртнээс улбаатай бусармаг, харгис үзэл санаа, санаархал, оролдлого байжээ. Оросын ард түмэн өөрийгөө аврах, авч үлдэхийн төлөө тэмцэлд ялагдаж үзээгүй болохоор энэ удаа ч гэсэн нэгдэж нягтраад, хүч эрчмээ дайчлаад ялж л гарах байх. Гол нь цөмийн сүйрэлд хүргэчихгүйгээр асуудал шийдэгдээсэй билээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав

Сэтгэгдэл бичих