Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамарсан их түймрийг дөнгөж сая унтраажээ. Гал түймэр унтраах мэргэжлийн бүлгүүд, иргэд хамтран шөнөжин ажиллаж, өглөө 07.00 цагаас эхлэн цас орж эхэлснээр түймрийг унтрааж чадсан байна. Түймрийн гал, утаанаас зугатсан цагаан зээрийн сүрэг Халхын голын Хамар давааны энгэрт нөмөр бараадан идээшилж буй зургийг Та бүхэн харж байна.
Одоо мэдэгдэж байгаагаар Халхгол суманд малчин өрхийн есөн гэр, нэг зөөврийн сууц, есөн малын хашаа түймэрт өртөөд байна. Гал түймэрт өртсөн мал болон зэрлэг ан амьтдын тоо хараахан гараагүй, түүнчлэн зэрлэг амьтдын идэш тэжээл, орчин нөхцөл нэн хүндэрлээ гэж Онцгой комиссоос мэдээлэв. Халх гол сумын нутаг дэвсгэрийн бэлчээрийн дийлэнх нь гал түймэрт өртөөд байгаа тул малчдыг сумын нутаг дэвсгэртээ боломжтой газарт болон зэргэлдээх Матад суманд бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг нэн шуурхай зохион байгуулах шаардлага тулгарсан талаар аймгийн Онцгой комиссын хурлаас шийдвэрлэсэн.
Ням гарагийн өглөө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээс гарсан гал түймэр хүчтэй салхины улмаас Дорнод аймгийн Матад сумыг дамжин Халхгол сумын нутгийн дийлэнх хэсгийг хамраад байна. Түймрийн голомтод Дорнод аймгийн төв болон Сүхбаатар, Хэнтий аймгийн мэргэжлийн анги бүлгүүд мөн Улаанбаатар хотоос нисдэг тэргээр Үндэсний аврах бригад очин ажилласан юм.