БНХАУ руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулж сэрэмжлүүлэг гаргажээ

оруулсан Алсын Хараа

БНХАУ-ын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, зөвхөн өнгөрөгч 3 дугаар сард манай улсын 60 мянга гаруй иргэн урд хөрш рүү зорчжээ. Иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Консулын газраас сэрэмжлүүлж байна. Үүнд,

Нэг. БНХАУ руу зорчиход анхаарах зүйлс:

•Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, галт зэвсэг, сум, ан амьтны түүхий эд, түүх, дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ өндөр байдаг. Иймд бусдын эд зүйлсийг авахгүй байх, өөрсдийн гар цүнх, ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг нягталж, сайтар шалгах,

•Согтууруулах төрлийн бүх ундаа, тамхи, хүнсний бүтээгдэхүүн зэрэг тодорхой хязгаарлалттай нэвтрүүлдэг бараа, бүтээгдэхүүн, эд зүйлсийг зөвшөөрөгдсөн тоо хэмжээнээс хэтрүүлэхгүй байх,

•Хил, гаалийн мэдүүлгийн хуудсыг урьдчилан үнэн, зөв бөглөх. 5000 ам.доллар болон 20000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө эсвэл үүнтэй тэнцэх хэмжээний үнэт цаас биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд торгууль төлөхийг анхаарах.

Хоёр. БНХАУ-д байх хугацаанд анхаарах зүйлс:

•Суугаа улсын хууль журмыг даган мөрдөж, гэмт хэрэг үйлдэх, холбогдох, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдэлд тус улсын эрүүгийн хуулиар 3-10 хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг болно.

•Цахим худалдаа, арилжаа наймаа хийхдээ баталгаат эх үүсвэрээс мэдээлэл зөвлөгөө авах. Арилжаа наймаа хийх, бараа таваар худалдан авахдаа бичгээр гэрээ байгуулах. Гэрээ байгуулахдаа дараах 3 зүйлийг гэрээнд заавал тусгах,

1. Гэрээ байгуулж буй хариуцагч талын албан ёсны мэдээллийг бүрэн тусгах /иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ, оршин суугаа хаяг, утасны дугаар гэх мэт.

2. Худалдан авч буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, загвар /марк/,

3. Бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл зэргийг бичих явдал юм.

• Өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр эрүүл мэнд, амь насаа алдах эрсдэлтэй тул зохистой хэрэглэх,

• Монгол Улсын иргэд нь БНХАУ-д 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой бөгөөд 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатай. Визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн мөнгөн торгууль оногдуулдаг тул визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байх зэрэг болно.

Сэтгэгдэл бичих