УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонссон байна.
Ү.Хүрэлбаатар сайд энэ тухайд, “Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 4.8 хувиар өссөн. Цар тахлын үед уг өсөлт хасахтай ба бага өсөлттэй гарч байсан. Энэ бүгдээс үзэхэд, 2019 оноос өмнөх үетэй харьцуулахад Монгол Улсын эдийн засаг 1.7 хувь өссөн байна. Ирэх гурван жилд эдийн засгийн өсөлтийг өндөр хувьтай авч явахын тулд шаардлагатай бодлогын арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон улсын валютын сангаас дэлхийн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдлыг тандахад, 2023-2024 онд дундаж өсөлт 3 хувиас бага байхаар тооцсон. Гэхдээ манай улсын гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хамгийн багадаа 5 хувьтай байна гэж үзсэн байна. Түүнчлэн он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар тус улсын эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа нь манай улсад эергээр нөлөөлнө гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд эдийн засгийн орчныг сайжруулах үүднээс Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Засгийн газар өргөн барих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Дараагийн багц асуудал бол, цахим биржээр борлуулж буй уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх явдал юм. Энэхүү бодлогын тууштай үргэлжлүүлэх нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хангана. Гуравдугаарт, төсвийн тодотголын асуудал хөндөгдсөн. Өнөөгийн байдлаар, зохих хуулиараа төсвийн орлого нэмэгдэхээр тодотголыг хийдэггүй. Зөвхөн орлого буурах үед зардлыг танах байдлаар тодотголыг хийдэг гэсэн асуудлыг ярилаа. Ерөнхийдөө эдийн засаг тогтворжсон гэх баталгаа эхний хагас жилийн дүр зургаар гарч ирнэ. Цаашдаа Монгол Улсын эдийн засаг 6-гаас дээш хувиар өсөх боломжтой. Иймд боломжийг бид сайтар ашиглах ёстой. 2022 оны дүнгээр авч үзвэл, нийт салбарууд цар тахлын өмнөх түвшинд очоод байна. Уул уурхай, барилга, тээвэр гэсэн гурван салбар цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй. Иймд эдгээр салбаруудад анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай" гэлээ.