Б.Батцэцэг: Дэлхийн 61 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөөд байна

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Салбарын сайд Б.Батцэцэг энэ үеэр хэлэхдээ, Гадаад сурталчилгааны стратеги төлөвлөгөөг энэ оны 2 дугаар сард баталсан. Уг баримт бичгийг нэгдүгээрт, хөрөнгө оруулалт,  хоёрдугаарт, аялал жуулчлал, гуравдугаарт, хүний эрх, ардчилал, дөрөвдүгээрт, сайн засаглал, цахим хөгжил гэсэн 4 үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Аялал жуулчлалын үндэсний хорооны шугамаар долоо хоног бүр хуралдаж, уг төлөвлөгөөний явцын талаар танилцуулга хийж байна гэлээ.

Мөн Засгийн газраас зарласан Аялал жуулчлалын жилийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 61 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Өмнө нь 30 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөөд байсан бол үүн дээр 31 орныг нэмснээр дээрх тооны улсын иргэд манай оронд визгүй зорчдог болж, хураамж авахаа больсон. Өөрөөр хэлбэл, Европын холбооны улс орны иргэдээс авдаг байсан хураамжийг тэглэж, визгүй болгоод байна. Харин манай улсын иргэд Европ руу зорчвол 60 евро төлж буй.

Үүний зэрэгцээ 99 орны иргэд цахим виз авах бололцоог нээж өгсөн. Цаашид бид боломжтой гэж үзсэн бүх улс орныг визгүй болгохоор ажиллаж байна. Хоёр хөршийн тухайд, ОХУ-ын иргэд визгүй. БНХАУ-ын иргэд визтэй. Гэхдээ хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд тодорхой хугацаанд бүлэг жуулчдыг визгүй зорчуулж байна. Хятад иргэд цахимаар визээ авч ирдэг болсон гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл бичих