Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно.
Одоогийн байдлаар тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн гэж Олон улсын сонирхогчдын боксын холбооноос мэдээллээ. ДАШТ-д ОХУ, Беларусын тамирчид оролцож байгаа тул барууны зарим орон бойкот зарлаад байгаа. Тухайлбал, АНУ, Их Британи, Польш, Швейцар, Нидерланд, Ирланд, Чех, Швед, Канад, Украины шигшээ дэлхийн аваргад оролцохгүй.
Тэмцээний мэдүүлгийг авах хугацааг дөрөвдүгээр сарын 14 хүртэл сунгажээ.
Манай эрэгтэй шигшээ баг Ташкентэд гуравдугаар сарын 20-ноос хойш хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд энэ сарын 30-нд хамтарсан бэлтгэлээ өндөрлүүлээд дэлхийн аваргын тэмцээндээ орно.
ДАШТ-д Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, Зөвлөх дасгалжуулагч Турсунпулатов Аброр /Узбекстан/, Дасгалжуулагч Б. Эрдэнэбаяр, Ц. Даваацэрэн нарын удирдлага дор:
48 кг-д Г.Ган-Эрдэнэ
51 кг-д Х.Энхмандах
54 кг-д Д.Ганболд
57 кг-д Х.Энх-Амар
60 кг-д Т.Энхтөр
63.5 кг-д Б.Чинзориг
67 кг-д Б.Мишээлт
71 кг-д О.Бямба-Эрдэнэ
75 кг-д Ж.Отгонжаргал
+92 кг-д Х.Бекнур нар хүч үзнэ.
ДАШТ-ий шагналын сан тун өндөр буюу 5,2 сая ам.доллар. Дэлхийн аварга тамирчин 200 мянга, мөнгөн медальт тамирчин 100 мянга, хүрэл медаль хүртвэл 50 мянган ам.долларын шагналтай юм.