Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрч, 4-5 сарын импортыг хангах хэмжээнд хүрсэн

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайдын зүгээс зургаан сарын өмнө гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэлийг өгсөн. Уг үүрэг чиглэлийн биелэлтийн явцын талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.

Тэрбээр энэ тухайд "Гадаад валютын нөөц өмнө нь 2.5 тэрбум ам.доллар болж унасан байсан. Гуравдугаар сарын байдлаар 3.4 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болоод байна. Өнгөрөгч 6 сарын хугацаанд нүүрсний олборлолтоос хилээр гарах хүртэлх явцыг цахимжууллаа. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, тэдгээр гэрээний хүрээнд нүүрс экспортлогдож байна. Хоёрдугаарт, Монгол Улс эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 сая тонноор нэмэгдсэн. Цар тахлын өмнөх буюу 2019 онтой /нүүрс хамгийн ихээр олборлож байсан үе/ харьцуулахад нүүрсний экспорт 2.5 сая тонноор нэмэгдсэн байна. Энэ нь үндсэндээ валютын нөөцийг бүрдүүлэх чиглэлээрх Засгийн газрын санаачилга үр дүнгээ өгч байна гэсэн үг.

Гуравдугаарт нүүрсээ биржээр дамжуулан хилийн нөхцөлөөр борлуулдаг боллоо. Нийт гурван компани 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байна. Нэг тонн нь 100  ам.доллараар зарагддаг нүүрс 180 ам.доллар болсон бол 9.5 доллараар зарагддаг байсан эрчим хүчний нүүрс 73 ам.доллараар зарагддаг болсон.

Зургаан сарын дараах үйл ажиллагааг эргэж харахад, цаашид биржээр зарагдаж буй нүүрсийг хилээр саадгүй гаргадаг болох, тээврийн бүх гэрээг цахимжуулж бүртгэлжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Түүнчлэн биржээр борлуулах бүтээгдэхүүний нэр төрөлд анхаарч, зэс, төмрийн хүдэр, жонш зэргийг нэмэх нь зүйтэй юм.

Үүний зэрэгцээ эхний гурван сарын байдлаар инцляц 10.6 хувь болоод байна. Өнгөрсөн оны 6 дугаар сард инфляц 13.2 хувьтай байсан гэвэл энэ нь нэг талдаа амжилт юм" гэлээ.

Түүнчлэн тэрбээр валютын нөөц гурван сарын импортыг хангах хэмжээний болон түүнээс дээш дүнтэй бол боломжийн гэж үздэг. Тэгвэл Монгол Улсын валютын нөөц 4-5 сарын импортыг хангах хэмжээнд хүрсэн. Ер нь цаашид тогтвортой байдлыг хангах хүрээнд валютын нөөцөө нэмэгдүүлсээр байх болно гэсэн нэмэлт тайлбарыг хийв.

Сэтгэгдэл бичих