Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд өнөөдөр авчирлаа. Засгийн газрын таван "Ш" хөтөлбөрийн хүрээнд Филиппин улсад амьдарч байсан сайд асан Т.Бадамжунай 11:00 цагийн үед Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Түүнийг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух үед цагдаагийн хамгаалалт гарч, Хууль зүйн сайд болон холбогдох албаныхан ажиллаж байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Иргэн Т.Бадамжунайг Филиппин улсад 10 гаруй цагийн хугацаанд албадан саатуулсан" хэмээн ярив. Түүний нэр интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн жагсаалтад багтсан юм. Т.Бадамжунай нь 2018 онд Замын-Үүдийн хилийн боомтоор эх орноосоо гарсан байдаг. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар Авлигатай Тэмцэх Газрын дарга З.Дашдаваа "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хамруулан шалгаж байгаа. Энэ нь авлигын гэмт хэрэг юм. Яллагдагчаар татаад, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Тухайн хүний хувьд шалгагдаагүй гараад явсан. Өнөөдрөөс эхлээд түүнийг шүүхээс сэжигтнээр баривчилсан байна. Процессын ажиллагаа хуулийн дагуу явагдана.
Гаднын оронд гарсан буцааж авчрах талаар олон ажиллагаа хийгдсэн. Манай улсын хувьд эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй байдаг. Гэрээтэй орнуудаас иргэдээ шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцын хүрээнд харилцан мэдээлэл солилцоод, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг шилжүүлэн авчирч байна. Түүнийг 2018 онд шалгаж эхлээгүй байсан" хэмээв.
Түүнчлэн "Дараагийн удаа гадаадаас авчрах 20 орчим хүний нэрийг гаргаад байна. Тодорхой үр дүнд хүрэх байх. "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна. Хэрэгт сэрдэж хүнийг шалгана. Тухайн иргэдийн гэм бурууг зөвхөн шүүх шийднэ" гэдгийг хэллээ.
Ардчиллын төлөөх дээд түвшний Энэтхэг-Номхон далайн бүсийн II уулзалт "Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт" сэдвийн хүрээнд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдсан.
Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаны төлөөлөл оролцсон юм. Уулзалтын үеэр Гадаад хэргийн болон Хууль зүйн сайд нарын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх тухай ярилцсан байна.
Сайд Х.Нямбаатар "Манай улсаас оролцсон бүрэлдэхүүн хэд хэдэн орны хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр ярилцлаа. Үүний дараа Филиппинд очиж, тус улсын хууль сахиулах байгууллагатай уулзаж, эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх бичгээ гардуулсан.
Энэ хүрээнд иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспортыг хүчингүй болгосон, дансыг царцаах талаар шийдвэр гарсан, мөн тухайн хүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөхөд дэмжлэг үзүүлэх утга бүхий албан бичгүүдээ гардуулан өгсөн.
Ингэснээр Филиппин улсын хууль сахиулах байгууллагаас түүнийг 10 гаруй цаг албадан саатуулсан.
Бидний тавьсан хүсэлт болон иргэн Т.Бадамжунай өөрөө албадан гаргахад татгалзах зүйлгүй гэснээр процессын урт ажлууд явагдлаа.
Түүнийг өнгөрсөн шөнө 01:00 цагийн нислэгээр Сөүлээр дамжуулж, сая Улаанбаатарт авчирсан" хэмээв.
Түүнчлэн Шувуу ажиллагааны хүрээнд "Бусад улсаас өөрсдөө ирэхгүй байгаа хүмүүсийг эрх зүйн туслалцаа авах замаар ирүүлэх арга хэмжээг авна. Нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаахаар шийдвэрлэсэн. Тэднийг шилжүүлэн авах хүсэлтүүдээ тавьсан. Аль улсаас хэнийг, хэзээ авчрахыг хэлэх боломжгүй. Ажлын хэсэг дээр ярилцсан, төлөвлөсөн, гадаад харилцааны шугамаар холбогдож байгаа зүйл бий" хэмээв.
Филиппин улсад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Авлигатай Тэмцэх Газрын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн Цагдаагийн Газрын дарга Т.Сүхболд нар ажиллажээ.