"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр хэвлэлийнхэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ "Тус компанид 2022 оны 10 дугаар сарын 26-наас онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр намайг томилсон. Өнгөрсөн таван сарын хугацаанд 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлууллаа. Компанид онцгой дэглэм тогтоохоос өмнөх үзүүлэлттэй харьцуулахад, борлуулалтыг 4.1 дахин, тээвэрлэлтийг 3.9 дахин, экспортыг 2 дахин, орлогыг 3.9 дахин, олборлолтыг 2.7 дахин нэмэгдүүлсэн.
2023 оны нэгдүгээр сарын нэгнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 765.2 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс борлууллаа. Үүнээс 416 мянган тонн нүүрснийг 7 удаагийн арилжаагаар Хөрөнгийн биржээр дамжуулан цахимаар арилжсан. Ингэхдээ анх удаа 200 мянган тонн эрчим хүчний нүүрсийг арилжсан юм. Өмнө нь 9-10 ам.доллароор зарагддаг уг нүүрсийг 70 гаруй ам.доллароор, сайн чанарын коксжсон нүүрсийг өмнө нь 100-115 ам.доллароор зардаг байсан бол 180 гаруй ам.доллар болгосон. Ингэснээр 416 мянган тонн нүүрсийг арилжсанаас 20.9 сая ам.долларыг нэмж олсон.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 5 сарын хугацаанд валютын нөөцийг 900 гаруй тэрбум ам.доллароор нэмэгдүүллээ. Өрийн тухайд, 603 сая ам.доллароос одоогийн байдлаар 180 мянган ам.долларын өр үлдсэн байна" гэлээ.