Зорчих эрхийг хязгаарлах ял зөрчсөн М-ийг зургаан сар, найм хоног хорих ялаар шийтгэх шүүхийн шийдвэр гарчээ

оруулсан Алсын Хараа

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ялтан М-ийн эдлээгүй үлдсэн долоон сар, найм хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах тухай прокурорын дүгнэлт үйлдэж, хувийн хэргийн хамт ирүүлснийг шүүх хүлээн авч, өнөөдрийн (2023.04.03) шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 854 дугаар магадлалаар М-г Эрүүгийн хуульд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэжээ.

Ялтан М шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тогтоосон маршрутаас гарсан, мөн хоёрдугаар сарын 25-ны өдөр цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул ялтан М-ийн эдлээгүй үлдсэн зургаан сар, найм хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг зургаан сар, найм хоног хорих ялаар сольж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино хэмээн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих